Барак Обама сонгуульд ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

Барак Обама сонгуульд ялалт байгууллаа

АНУ-ын ерөнхийлөгчийг сонгох 57 дахь удаагийн сонгуулийн урьдчилсан дүн гарч, Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обама ирэх дөрвөн жилд дэлхийн их гүрнийг удирдахаар боллоо. Урьдчилсан байдлаар тэрээр 275 саналаар ялалт байгуулах нь тодорхой болоод байгаа юм. Удахгүй тэрээр ялалтаа албан ёсоор тунхаглаж, ард түмэндээ мэдэгдэл хийх юм.

Дэлхийн улстөрд шууд нөлөөлдөг гэх АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль энэ удаад дэндүү хурц өрсөлдөөн дор өрнөв. 2008 онд Жорж Бушаас хүлээн авсан ажилгүйдэл, эдийн засаг, санхүүгийн хүнд байдал хэвээр байгаа нь Обамагийн хувьд хамгийн сөрөг тал байсан гэж болно. Ямартай ч дөрвөн жилийн өмнө “шинэчлэлийн” уриа дэвшүүлж, итгэл төгс ялалт байгуулж байсан Обама дахин дөрвөн жил Цагаан ордонд сууж, дэлхийн хамгийн нөлөө бүхний гүрнийг удирдахаар болов. Түүнийг Иран, Умард Солонгос /цөмийн зэвсэг/, Ливи, Сири /Арабын хавар/, Афганистан /Энхийг сахиулах/, ОХУ, БНХАУ /тааламжгүй харилцаа/, ЕХ, НАТО /бодлогын зөрүү/, эдийн засгийн уналт, гадаад өр, улсын төсөв, ажилгүйдэл, ядуурал, эрүүл мэндийн даатгалын систем, боловсролын тогтолцооны шинэчлэл зэрэг олон ээдрээтэй асуудал хүлээж байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын болон Сенатын 33 суудлын төлөөх сонгууль явагдсан байгаа. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Бүгд найрамдах нам Конгресст олонхио хадгалж үлджээ. Ардчилсан намын хувьд Төлөөлөгчдийн танхимын 435 суудлаас 195-ыг авснаар байр сууриа сайжруулж чадсангүй.

Сенатын 33 суудлын төлөөх өрсөлдөөнд өнөөгийн олонх нам болох Ардчилсан нам гурван суудлаар илүү санал авлаа. Коннектикут, Индиана зэрэг маргаантай мужуудад тэд ялалт байгуулав.

2012 оны энэ бүх нийтийн сонгуулиар АНУ-ын  Конгрессийн Төлөөлөгчдийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ, дээд танхим болох 100 суудалтай Сенат нь гуравны нэгээр шинэчлэгдэж байгаа юм. Гэсэн ч бүх нийтийн анхаарал Ардчилсан намаас нэр дэвшигч бөгөөд өнөөгийн ерөнхийлөгч Барак Обама болон түүний өрсөлдөгч Бүгд найрамдах намын Митт Ромни нарын тэмцэлд чиглэж байсан юм.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж