Дуучин Б.Мишээл: “Би хэвээрээ”

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

Дуучин Б.Мишээл: “Би хэвээрээ”

Дуучин Б.Мишээл 1990-ээд оны сүүлээр рок, попт хүчтэй баргил хоолойтой, царайлан охин попын хатан хаан Хьюстоны “I will always love you” дууг дуулан залуусыг байлдан дагуулж монгол Хьюстон хэмээх нэрний эзэн болж байсан билээ. Торомгор алаг нүд, урт намирсан хар үстэй, чадалтай хоолойтой дуучин 13 жилийн дараа урлагт эргэн ирснээ өчигдөр зарлав. Гэхдээ тэрээр зүгээр нь нэг өөрийгөө урлагт эргэн ирлээ гэж дуулгасангүй, анхны бие даасан цомгоо танилцуулан Монголын рок, попын урлагийн хүчирхэг багтай нэгдэн хийж буй уран бүтээлийн төслөө дэлгэсэн юм. Тэрхүү багийн продюсераар ая зохиогч Б.Ангирмаа, хөгжмийн зохиолчоор “Нэгүн” студийн Оки, саунд мастрингаар “Pro sound” студийн дууны продюссер Рагу, стилист, make up-аар “Киви” хамтлагийн ахлагч Ука нар ажиллаж байгаа аж. Түүний анхны бие даасан цомгийн нэр “Би хэвээрээ”. Нээрээ л тэр арваад жилийн өмнөх шиг хэвээрээ урлагтаа эргэн иржээ. Эртний танил, дуучин Б.Мишээлтэй анхын цомог, шинэ уран бүтээлийн төслийн талаар ярилцлаа.

-Анхын цомгоо гаргасанд тань баяр хүргэе. Олон жил завсарлаад эргээд дуулах ямар байна. Продюсерын дуулуулсан дуунууд таалагдаж байна уу? Яг хүссэн дуунууд чинь мөн болсон уу? Цаашид юу хийхээр тэмүүлж байна?

-Би олон жилийн дараа урлагт эргэн орж байгаадаа маш их догдолж байсан. Одоо бол амтанд нь орж их эрч хүч амтагдаж байна. Өөр олон гоё зүйл хийх эрмэлзэл, хүсэл байна. Ангирмаа эгчтэй энэ төслийг эхлээд Оки гээд ая зохиогч хөөрхөн залуутай танилцсан. Маш сайхан аялгуу гаргаж байгаа залуу юм байна.  Түүнтэй хамтран ажиллаад мэргэжлийн өндөр чадвартай хүн юм байна гэдгийг мэдэрсэн. Би сая дуулсан таван дуундаа тавууланд нь хайртай. “Би хэвээрээ” цомогт маань орсон таван дуу маань тавуулаа өөр төрлөөр зохиогдсон. Цомгийн эхний “Би хэвээрээ” дуу бол яг цэвэр поп биш орчин үеийн ритм хольсон дуу, “Гараас минь атга” дуу маань оркестр поп урсгалынх бол “Бороог хүлээнэ” дуу ритм нь R&B,  “Чи санадаг уу” нь блюс, “Өөрийнхөөрөө” маань одоо орчин үеийн залуучуудын сонирхдог диско стильтэй дуу байгаа. Бас дараагийн цомгийн ажилдаа орчихсон явна.

-Цомгоо “амттай” байлгах гэж таван дуутай байхаар сонгож ээ дээ?

-Ердийн цомог 12 дуутай байхад түүнээс яг дурлаад сонсох дуу нь үсрээд л хоёр, гурав байдаг. Их олон дуу ар араас нь тавихаар залхдаг. Тийм учраас би нэг их шуналтаад яахав гээд эхлээд час гэсэн чанартай, сонсоход уйдахгүй таван дуутай цомог хийе гэж бодоод манай продюсер Ангирмаа эгч төлөвлөгөө гаргасан.

-Оки дууны хөгжим бас шүлгэн дээр нь ажилласан юм байна. Яагаад ганцхан уран бүтээлчтэй хамтран дуунуудаа хийх болов?

-Төслийн хүрээнд нэг зохиолч нэг төсөл, уран бүтээлийн баг гэдэг утгаараа продюсер Ангирмаа эгч тэгж төлөвлөж гаргасан. Окигийн дуунуудыг анх сонгож үзээд маш их таалагдсан, өөрөө төгөлдөр хууран дээр дуулж үзүүлэхэд амьд гоё сонсогдож байсан. Түүнтэй хамтран ажилласандаа маш сэтгэл хангалуун байгаа. Миний дараагийн цомогт ч Окигийн дуунууд орж байгаа. Хоёр дахь цомог дээрээ энэ багтайгаа буюу Ангирмаа эгч, Рагу, Оки, Укатайгаа хамтран ажиллана. “Киви”-гийн охид намайг дэмжиж их тусалж ажилладаг. Бүгдэнд нь баярлалаа гэж хэлье.

-Ая зохиогч, продюсер Б.Ангирмаатай анх яаж танилцаад хамтран ажиллах болсон бэ?

-Миний хүндэлж явдаг хамтарч ажилладаг, ээжээс маань өөрцгүй нэг эгч бий. Та нар мэднэ дээ “Инээмсэглэл” хамтлагийн Ганболд ахын гэргий Энхтуяа эгч бол миний ээж шиг л хүн. Энхтуяа эгч Ангирмаа эгчтэй олон жилийн өмнөөс бие биеэ сайн мэддэг найзууд юм билээ. Тэгээд Ангирмаа эгч Энхтуяа эгчтэй уулзах гэд ирэхдээ намайг хараад “Өө нөгөө дуулж байсан дуучин Мишээл охин байна ш дээ” гэсэн. Тэгээд хэд хэдэн уулзалтын дараа би Ангирмаа эгчид би дахиад дуулж эхэлбэл та надтай хамтарч ажиллах уу гэхэд минь их сайхнаар хүлээж аваад одоо маш гоё ажиллаж байна. Ийм хүний удирдлаган дор ажиллаж байгаадаа баяртай байна. Яг ажил дээр манай Ангирмаа эгч бол маш хатуу хүн. Загнах бол юу ч биш. Бид ч загнуулах дуртай. Үг сонсч байх хэрэгтэй шүү дээ. Би мундаг агуу хүнтэй баг бүрдүүлээд ажиллаж байгаадаа баяртай байна.

-Таныг мэддэг фенүүд тань өнгөрсөн 13 жилд хаагуур юу хийж явсан бол оо хэмээн сонирхож байгаа байх?

-За би эмэгтэй хүний хувьд айлын эхнэр боллоо. Гэр бүлийн амьдрал зохиож гурван сайхан охинтой болсон. Ээжийнхээ үүргийг гүйцэтгээд хажуугаар нь хувийн ажил хийж байлаа.

-Эргэн шинэ цомог, шинэ уран бүтээлүүдээр тань уулзахад сайхан байна. Юу таныг урлагт эргэн ирэхэд нөлөөлөв?

-Манай гурван охин надаас асуудаг болсон. Ялангуяа манай том охин “Ээж ээ та дуулдаг байсан юм уу?” гэхээр нь “Тийм ээ тийм” гэнэ. Таныг манай ангийн хүүхдүүдийн ээж аав нь дуулдаг байсан гээд байх юм гэхээр нь охиддоо сонирхуулаад дуугаа, гэрэл зургуудаа үзүүлсэн чинь “Ээж ээ яагаад та ахиад дуулахгүй байгаа юм бэ? гэж шалгаах болсон. Ер нь хүн тодорхой хэмжээний өөрийн дуртай, чаддаг ямар нэг юм байх юм бол үр хүүхэддээ үлдээх оюуны өв хийж л байх ёстой. Тэр үүднээс эргэн уран бүтээлдээ орьё гэж бодсон.

-Та өнгөрсөн жил “Mongolian Music Video Awards” наадмыг нээн дуулсан. Удаан тайзнаа хараагүй  таныг тайзнаа  дуулсан нь гэнэтийн бэлэг болсон. Тэр үед энэ төсөл хэрэгжээд эхэлчихсэн байсан уу?

-Энэ төсөл маань эхэлчихсэн байсан. “Mongolian Music Video Awards”-аас нээлтийн дууг нь дуулж өгөөч ээ гэсэн санал тавихад би маш сайхнаар хүлээж авсан. Тийм гоё рок, попын баярыг нээнэ гэдэг бол миний хувьд том аз завшаан, хүндэтгэл. Тэгээд эхний дуугаа монгол дуу дуулах уу хэмээн асуутал тэд “Үгүй ээ өөрийг чинь Хьюстоны дууг дуулж байснаар хүмүүс таньдаг. Түүгээрээ л хүлээдэг болохоор Хьюстоны дуугаар эхэлвэл гоё” гэхээр нь Уитни Хьюстоны “Run to you” гэдэг дууг дуулсан. Олон жил гараагүй тайзан дээрээ гараад сандарсан шүү. Тэнд манай урлагийнхан үзэгчдийн суудалд сууж байсан. Тэд намайг анх хараад таниагүй гэсэн. Тэгээд хоолойг нь сонсоод “өө Мишээл байна шүү дээ” гэсэн гэнэ лээ.

-Продюсер Б.Ангирмаатай ямар хугацаанд хамтран ажиллах гэрээ хийсэн бол?

-Бид яг тэдэнд дуусна гэсэн гэрээ хийгээгүй. Ямар ч байсан хамран ажиллах гэрээ хийсэн. Түрүүн Ангирмаа эгч хэлсэн. Эхний ээлжинд туршилтын журмаар таван дуутай цомог хийгээд үзье. Тэгээд үүнийхээ үр дүн нь ямар төвшинд гарах нь вэ гэдгийг дүгнэж харж байж больё гэсэн. Одоо хоёр дахь цомгийнхоо ажилд орчихсон явна. Тийм болохоор Ангирмаа эгчтэй дахин үргэлжүүлээд ажиллахаар болсондоо би маш их баяртай байгаа.

– Таныг Монголын  Хьюстон хэмээн 1990-ээд оны залуус андахгүй?

-Анх MTV суваг Монголд телевизээр цацагддаг болоход Хьюстоны “I will always love you” дуу хит болж байсан үе. Тухайн үед чинь тэгтлээ гадаад дуу орж ирээгүй ерөнхийдөө англи дууг тэр бүр дуулаад байдаггүй байсан. Би энэ дууг дуулья гэхэд “Соёл Эрдэнэ” хамтлагийнхан яаж ийм том дуучны дууг дуулах юм бэ? Хэл, аяыг нь буруу дуулчихав аа, бараг монгол дуу дуулсан нь дээр юм биш үү гэж надад хэлж байсан л даа. Би тэр үед жаахан байсан болохоор нарийн зүйлсийг нь тэр бүр мэдэхгүй их зоригтой л  байсан байна л даа. Үгүй би заавал энэ дууг дуулна гээд уралдаанд дуулан орж байсан. Анх Уитни Хьюстоны дууг дуулснаараа Монголын Уитни Хьюстон гэдэг нэр гараад байдаг юм шиг байгаа юм. Түүнээс биш би тэр дэлхийн тэр том төвшний, юугаар ч үнэлшгүй гоё мундаг уран бүтээл хийсэн хүнтэй яаж зэрэгцэж болох вэ дээ. Арай ч адилтгаж болохгүй байх аа. Би тэр хүнийг дотроо хайрлан хүндэтгэж явдаг.

-Та анх “Классик Трио” хамтлагт уран бүтээлээ хийж байсан. Яагаад тарчихсан юм бэ? Тухайн үед таныг гадагшаа сургуульд явсан гэж ярьж байсан санагдаж байна?

-Тэр их сонин. Дуучин Чингис, Жагаа бид хамтран “Классик Трио” хамтлаг байгуулан Соёлын төв өргөөнд бие даасан тоглолтоо хийж байсан. Түүний дараа манай хамтлагийг тарсан, намайг бүүр гадаад хүнтэй суугаад яваад өгсөн гэсэн мэдээлэл гарч байсан. Одоо ч урлагийнхантай гэнэт таарахаар “Чи монголд байгаа юм уу” гэдэг. Би чинь уг нь зөвхөн Монголдоо л байгаа шүү дээ. Хамтлагийн тухайд манай дуучин Чингис гэр бүлтэй болж, эхнэр нь гадаадад сургуульд сурах болсон учраас уран бүтээлийн хувьд завгүй болсон. Жагаа маань өөрийн бие даасан соло уран бүтээлээ давхар хийж байсан. Би ч бас хувийн амьдралаа дагаад амьдралын эрхээр л салцгаасан. Түүнээс биш яг хамтлагаа тараая гэж салцгаагаүй л дээ. Би монгол нөхөр, монгол хүүхэдтэй /инээв/

-Өмнө нь жазз урсгалаар дуулдаг байсан шүү дээ. Жааз дуунууд дуулах уу?

-Би Улсын филармонийн дуучин байсан юм. Филармони ганц жазз хамтлагтай, амьдаар жазз дуулах их дуртай байсан. Одоо бол ерөнхийдөө жазз чиглэлийн уран бүтээл шинээр яригдаж байгаа. Нэг жазз дуу хийе гэж боддог, мөрөөддөг.

-“Pro Sound” студи дээр цомгийнхоо бичлэгийг хийлгэж байхад Рагу микрафоныг тань бүр дээр байрлуулж бичсэн гэсэн шүү дээ. Сая Рагу Селин Дион яг иймэрхүү байдлаар хоолойгоо бичүүлдэг гэж ярьсан. Үүгээр Мишээл хэр чадалтай дуучин бэ гэдгийг илэрхийлж байгаа гэж бодож байна. Таны энэ чадалтай хоолойны нууц юу вэ?

-Студид бид микрафоноо энгийн л байрлалд байрлуулан дуулдаг. Гэтэл “Рагу та жаахан аяархан дуулаач” гээд. Би аяархан дуулах гэж хичээсэн ч ерөөсөө болж өгдөггүй. Гэтэл Рагу микрафон тэр дээр аваачаад байрлуулчихсан. Би ингэж хол тавиад миний дууг татах л юм байх даа гэж тухайн үед бодоод “ингэж болдог юм уу” гэхэд тэрээр “Селин Дион чанга хоолойтой болохоор студид ингэж дуугаа бичүүлдэг” гэсэн. Их гоё шинэ содон зүйлийг надад үзүүлсэн. Би тийм том одын маягаар дуулаад үзнэ гэдэг маш гоё санагдан Рагуд ийм боломж олгосонд нь баярласан. Их гоё татаж бичдэг юм байна лээ. Надад их таалагдсан. Хоолойны нууц гээд байх юу байхав дээ. Байгалийн, өөрийн төрөлхийн авьяас, суурь гэж байна. Мөн дээрээс нь сэтгэлээсээ дуугаа дуулъя гэж хичээдэг маань хүнд хүрдэг бол уу  гэж бодож байна.

-Таны үзэгчдэдээ барих дараагийн бэлэг?

-Гурав дахь дуугаа клипжүүлж байна. Удахгүй үзэгчдэдээ хүргэнэ. Үүний дараа дөрөв дэх дуугаа клипжүүлнэ. Мөн хоёр дахь цомгийнхоо хоолойны бичлэгт “Pro Sound” студи дээр Рагутай ажиллаж байгаа. Шинэ уран бүтээлүүд гээд төлөвлөсөн ажил зөндөө байгаа. 

-“М” логог шинэ уран бүтээл дээрээ онцлон гаргаж ирсэн байна шүү дээ. Цаашид “М” логотой өөрийн брэндийг үүсгэх үү?

-Маш гоё санаа байна. Одоогоор бол хараахан бодож үзээгүй юм байна шүү.


Дуучин Б.Мишээлийн "Би хэвээрээ" нэртэй анхны бие даасан цомог нь Hi-Fi records хөгжмийн сүлжээ дэлгүүрийн бүх салбараар 15000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа.

Б.Мишээлийн "Би хэвээрээ" дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.
Б.Мишээлийн "Гараас минь атга" дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж