Уншигч та шинээр гараад эрэлт ихтэй байгаа бүтээлүүдийг авч амжихгүй байгаа бол гурван өдрийн турш зохион байгуулагдах номын баярын өдрүүдээр зав гарган зочлоорой. Уламжлал ёсоор ном хэвлэлийн байгууллагуудаас эрхлэн гаргасан бүтээлүүд болон хуучин ховор номын худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй мөн хямдралтай худалдаа, энэ жилийн онцлог номуудын танилцуулга, шинэ номын нээлт гээд олон арга хэмжээ болно.
Номын баярын нээлтийн өдөр буюу өнөөдөр 13.00 цагт орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүй цоо шинэхэн бүтээлээ анхны уншигчдад нь хүргэхээр зэхсэн гэнэ. Тэрхүү уншигчдадаа барих бэлэг нь бол “Хүн, араатан, бурхад” номыг зохиолч Фердинанд Оссендовскийн 1930 онд хэвлэгдсэн “Ленин” ном аж. Номыг тухайн үед Европын хэд хэдэн оронд хураан шатаалгаж байсан аж. Дашрамд сонирхуулахад, энэ номыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Бат-Үүл эрхлэн хэвлүүлж байгаа гэнэ. Шинэ ном өнөөдөр хэвлэлтээс гарч байгаа бөгөөд “Номын баяр”-ын үеэр будаг нь ханхалсан шинэхэн номыг уншигчдадаа танилцуулах юм байна.