
Нийслэлийн захын хорооллын нэгэн дунд сургуулийнхан ирэх даваа гаригт цоо шинэхэн автобус хүлээн авах нь. “Ямар сургууль гэдэг нь ирэх даваа гаригт болох “Хүүхэд бүрийг хамгаалъя” форумын үеэр тодорно” гэж “Даймонд пресс клуб”-ын ерөнхийлөгч С.Гантогоо хэллээ. Тус клубээс санаачлан “Хөрст дэлхий” ТББ хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хүүхдийн эрх ашгийг хамгаалахад тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэхээр “Хүүхэд бүрийг хамгаалъя” форумыг зохион байгуулж байгаа аж. Хүүхдийн эрх ашгийг хамгаалахад хамгийн түрүүн хэрэгтэй байгаа, бас хэрэгжүүлэх ёстой зүйл бол стандарт гэдгийг “Хөрст дэлхий” ТББ-ын тэргүүн Б.Ганбаяр онцолж байна. Хүүхдээ машинд яаж авч явахаас эхлээд сургуулийн орчин ямар байх гэдэг нь бүгд нарийн стандарттай байж, түүнийг хэрэгжүүлдэг болсон цагт хүүхдийн эрх ашгийг жинхэнэ утгаар нь хамгаалж чадна гэж тэрээр үзэж байна. Стандарт болон бусад асуудалтай холбогдуулан Форумаас уриалга гаргахаар төлөвлөжээ.
“Хүүхэд бүрийг хамгаалъя” форумын хүрээндээ “Даймонд пресс клуб”, “Хөрст дэлхий” ТББ улсын сургуулиудыг автобустай болгох санаачилга гарган эхлүүлж байгаагаас гадна хэд хэдэн сургуулийн хажуугийн зам дээр “Анхаар хүүхэд” гэсэн сануулга бүхий тусгай самбар босгож байгаа аж.