“Mongolian Warrior” буюу “Монголын дайчин” нэрээр мэргэжлийн боксын ертөнцөд Монгол Улсыг төлөөлж буй Ч.Цэвээнпүрэв дэлхийн аваргын бүсийн төлөө тулалдах гэж байна. Нэр хүнд, цар хүрээгээрээ хамгийн шилдэг холбоодын нэгт тооцогдох IBO буюу Олон улсын боксийн байгууллагын дэлхийн аварга цолыг эзэмшигч Индонезийн боксчин Дауд Чино Ёрдан түүний өрсөлдөгч байх болно.
Мэргэжлийн боксийн рингнээ 32 тоглолт хийснийхээ 29-д нь ялалт байгуулсан Д.Ёрдан өнгөрсөн оны тавдугаар сард Филиппиний боксчин Л.Вилланеуваг буулган авч, дэлхийн аварга болсон бөгөөд цолоо хамгаалах анхны тулаанаа Ч.Цэвээнпүрэвтэй хийхээр болжээ. Монгол дайчны хувьд мэргэжлийн боксын рингнээ 1997 оноос хойш тулалдаж буй бөгөөд энэ хугацаандаа 41 тоглолтод оролцож, 36 ялсан үзүүлэлттэй юм.
Хоёр боксчны тулаан Сингапурын шоу-энтэртэйнментийн хамгийн том төв болох “Марина Бэй Сандс” цогцолборт арваннэгдүгээр сарын 9-нд буюу ирэх баасан гаригт болох ажээ.