Архидах уу, алжаалаа тайлах уу?

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

Архидах уу, алжаалаа тайлах уу?

Нийслэлийн төсвийн орлогын нэгээхэн хэсгийг бүрдүүлдэг байсан шөнийн цэнгээний газрууд шөнийн 04.00 цаг хүртэл ажилладаг болж магадгүй. Учир нь энэ талаарх хууль журамд өөрчлөлт оруулахаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээр ахлуулсан ажлын хэсгийг Засгийн газраас гаргаад байгаа юм байна.

Өнгөрөгч сард Ардчилсан намаас анх удаа зохион байгуулсан “Шинэчлэлээр шийдье 222” нэртэй нээлттэй хэлэлцүүлгийн үеэр иргэдийн зүгээс “21 нас хүрээгүй хүүхэд залууст архи тамхи зардаг, архи тамхиар үйлчилдгийг зогсоож өгөөч ээ. Монголын үе архин далайд живлээ” гэдэг хүсэлтийг гаргасан билээ. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрт тусгуулахаар иргэдийн дайсан олон хүсэлтийн зөвхөн нэг нь.

Уг нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар 21 нас хүрээгүй хүүхэд залуучуудад архи тамхиар үйлчлэх, худалдаалахыг хориглосон. Гэвч хууль хэрэгжилт дээрээ ирээд нам суудаг. Учир нь баар, ресторан, шөнийн цэнгээний гадруудаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь хүүхэд, залуучууд. Тиймээс үйлчилгээний газрын эзэд орлогоо алдахгүйн тулд тэднийг хөөж туух нь байтугай даллаж дуудаад оруулдаг. Хэрэв та эргэлзэж байвал, энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг газруудын реклам сурталчилгаа хэнд чиглэж байна вэ гэдгийг харахыг хүсвэл зурагтынхаа сувгийг эргүүлээд үзээрэй.

Тиймээс хуулийг хэрэгжилтийг хангахаар Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийнхэнд энэ төрлийн бизнес эрхлэгчдийн зүгээс нэгэн хүсэлтийг гаргасан байна. Хэрвээ бид 21 нас хүрээгүй хүүхэд залууст архи тамхиар үйлчлэхгүй гэвэл тэндээс алдсан орлогоо нөхөж олохын тулд үйлчилгээнийхээ цагийг уртасгах хэрэгтэй болно гэдэг шаардлагыг тавьсан байна. Ингэсэн тохиолдолд бид хүүхэд, залууст согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, үйлчлүүлж байгаа хүмүүсийнхээ биеийн байцаалтыг шаардаж үзэж байя аа гэсэн юм байна лээ. Нийслэлийн удирдлагуудын зүгээс ч гэсэн сая давсан хүнтэй нийслэл хотын хувьд шөнийн Улаанбаатарын өнгө төрхийг өөрчлөх, гадаадын аялан жуулчлагчдын өмнө нүүр бардам үйлчилгээтэй байхын тулд шөнийн цэнгээний газруудын бизнесийг дэмжиж, үйлчилгээг сайжруулах хэрэгтэй гэж битүүхэн дэмжсэн юм шиг байна лээ. Хоёрдугаарт бичвэрийн өмнө хэлсэн төсөвт оруулах орлогыг нь ч гэсэн тооцож үзсэн хэрэг л дээ.

Тиймээс нэгдүгээрт Ардчилсан намаас санаачилсан “Архигүй Монгол” аяныг хэрэгжүүлж, хүүхэд, залуусыг архидан согтууралтаас хамгаалах, хоёрдож зохистой, соёлтой хэрэглээг дэмжих үүднээс Хууль зүйн сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн үйлчилгээний газрын эздэд тодорохой шаардлага, стандартыг тавьж, уг стандартыг нь хангаж чадсан цэнгээний газруудын цагийн хуваарийг сунгахаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах судалгааг хийж эхлээд байгаа юм байна.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин саяхан Төрийн ордонд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлынхаа үеэр сэтгүүлчдэд энэ талаар хариулт өгсөн. Шөнийн цэнгээний газруудад тавигдах наад захын шаардлага нь үйлчлүүлэгчдийнхээ биеийн байцаалтыг шалгадаг байх, аюулгүй байдлын үүднээс үйлчилгээний заал болон гаднах талбайдаа хяналтын камер суулгах, мөн түүнчлэн архи хэтрүүлэн хэрэглэсэн, хэт их согтсон үйлчлүүлэгчдээ гудамжинд гаргаад хөөчихийн оронд эмнэлгийн туслалцаа үзүүлэх буюу эрүүлжүүлэх амралтын өрөө тасалгаатай байх, ямар нэг байдлаар үйлчлүүлэгчдэд нь хохирол учирсан тохиолдолд тухайн байгууллагаас хохирлыг нь нөхөн төлж чадах эрсдлийн сантай байх зэрэг томоохон шалгууруудыг тавьж байгаа юм байна. Ингээд тухайн байгууллагын үйлчилгээний чанар энэ төвшинд хүрсэн, хангалттай гэж үзвэл ажиллах цагийн хуваарийг нь шөнийн 24.00 биш, 04.00-06.00 цаг хүртэл сунгаж болно гэдэг яриа хэлцэл явж байгаа юм байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн үед батлуулсан “хар” буюу “хуурай” хуулиудын нэгд Архидан согтуурахтэй тэмцэх тухай хууль ордог. Уг нь монголчуудыг архидалтаас аврахаар хийгдсэн энэ хууль харин ч архидалтыг дэмжсэн хууль болсон гэвэл хилсдэхгүй. Наад зах нь хуулийн үйлчлэлийг аваад үз л дээ. 21 нас хүрээгүй хүүхэд залууст архи согтуурулах ундаагаар үйлчлэхгүй гэсэн хуулийн гол заалт огтоос хэрэгждэггүй. Баар, цэнгээний газруудын цагийн хуваарийг шөнийн 24.00 цагаар хязгаарласан ч танил талтай нэг нь хаалгаа дотроосоо түгжиж аваад үүрийн 06.00 цаг хүртэл ажилладаг гэхчлэн. Харин 24.00 цагт баарнаас хөөгдөж гарсан, бөөнөөрөө дарвисан залуус хаашаа ордог билээ? Замдаа таарсан захын дэлгүүрийн хаалгыг тогшиж орж архи худалдаж аваад хамгийн ойрхон дэн буудал руу алхдаг. Хотын захын хороолол, орон сууцнуудын дунд байрлах дэн буудлуудын хаалгыг шөнийн цагаар тогшоод үзвэл энэ дүр зургийг бэлээхэн харж болно.

Тиймээс архины хэрэглээг хорихоосоо илүү арай соёлжсон хэлбэр лүү оруулья, ядахдаа үйлчилгээ нь хэрэглээгээ дагалдаад хамт явж байг гэдэг үүднээс Хууль зүйн яамны зүгээс энэ төрлийн бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллах, үйлчилгээний соёл, стандартыг нь дээшлүүлэх тал дээр шаардлагаа нэлээд өндөрсгөж байгаа бололтой. Харин дээр хэлсэнчлэн тавигдаж байгаа стандартуудыг хэр олон байгууллага мөрдөж чадахаас Архидан согтуурахтай тэмцэх хуульд өөрчлөлт оруулах эсэх нь шалтгаалах бололтой. Хэрвээ “чадахгүй ээ” гэх юм бол энэ чигээрээ “хуурай” хуульдаа захирагдаад, “хулгайн” бизнестэйгээ л үлдэх болох нь. 

Б.ЗАЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж