Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

76:1

News.mn уламжлалт 76:1 булангаараа энэ удаагийн парламентын гишүүдийн хөргийг цувралаар хүргэж буй. Энэхүү булангаараа өмнө нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хөргийг хүргэсэн бол үсгийн дарааллын дагуу энэ удаад УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан С.Батболдыг хөрөглөж байна.

МАН-д байдаг нэг сайн тал нь боловсон хүчнээ үе үеэр нь бэлтгэн гаргаж улс төрд оруулдаг явдал. Цаашаа хол явна гэж үзсэн залуусаа МАН-ынхан дэд сайд, газар агентлагийн дарга, нийслэлийн удирдлага зэрэгт ажиллуулан төрийн ажилд гаршуулж байгаад том улс төрд хүч үзүүлдэг нь их сайн тал.  УИХ-ын 2004 оны сонгуулиар эрч хүч дүүрэн нэгэн шинэ үеийнхэн парламентад хүч түрэн орсон юм. Тэд бол Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил, М.Энхболд тэргүүтэн байлаа. Сү.Батболд тэгэхэд Гадаад хэргийн дэд сайд байгаад УИХ-д орж ирж байв.

Сү.Батболдыг сайн бизнесмэн гэдгээр нь олон хүн мэднэ. Юм хийсэн нэгнээ өөд нар харуулах дургүй муу зангийнхаа балгаар түүнийг магтахаасаа мэрж гутаасан нь илүү. Сэлбийн голын хөвөөн дээр “Чингис” нэртэй балгас хэдэн жил хөндий хана төдий хэвтсэнийг одоо санах хүн ховорджээ. Харин “Чингис” зочид буудлыг одоогийнх нь янзаар Сү.Батболд үнэгүй шахам авчихсан юм гэнэ лээ гэх муу үгийг бол мартаагүй нь олон. Бодит үнэн гэвэл Сэлбийн эрэг дээрх балгас Сү.Батболдын гарт очсоноор орд тансаг өргөө болж олон хөлийн газар болсон.

Анх төрийн түшээ болохдоо тэрээр хэдийнэ монголчуудад тустай олон олон сайн үйлсийн автор болчихсон байлаа. Дотоодод үйлдвэрлэсэн барааг хил алгасуулан наймаалах юм гэж хэрийн хүний санаанд ороогүй байх үед  Гадаад хэргийн дэд сайд Сү.Батболд  Европын холбооны 25 оронд “Made in Mongolia” шошготой 7200 нэр төрлийн барааг 10 жилийн турш татваргүй гаргах эрхийг олж авсан юм. Сансрын хөлгийн эд анги зэрэг Монголд хийнэ гэхэд арай л эртдэх зарим нэг зүйлийг эс тооцвол дотоод бараа гадагш гарах эхлэлийг түүгээр тавьсан. Тэр бол 2000-аад оны эхэн үе байв. Богинохон хугацаанд татваргүй бараа экспортлох тогтолцооны хүрээнд Европын 25 улсын зах зээлд монголчууд 70 сая ам долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлжээ.

АНУ-д хөл тавих гэдэг диваажинд морилохоос илүү мөрөөдөл байсан тэр цагт Гадаад хэргийн дэд сайд Сү.Батболд АНУ-аас Монголд сууж асан Элчин сайд Жон Дингерийн хамт дипломатч хүний хүчин зүтгэл гаргасаар монголчуудыг 10 жилийн визтэй болгож билээ. Гадаад паспорт дээрээ АНУ-д зорчих 10 жилийн хугацаатай виз даруулж байсан иргэд түүнийг Сү.Батболд гишүүн хөөцөлдөж зөвшөөрүүлсэн юм гэдгийг тэр бүр мэдээгүй л байх.

Сү. Батболд гишүүн бизнесмэн хүний хувьд нэлээд дээхнэ Тавантолгойн лицензийг авч яваандаа бусад компаниудад хамтран ажиллах хүсэлт тавьснаар “Энержи ресурс” консорциумыг байгуулан үндэснийхээ компаниудтай хамтран ажиллажээ. Нүүрсний энэ том ордыг монголчуудынхаа мэдэлд байлгаж, төрд шилжүүлж  чадсан гэдэг нь Сү.Батболд нарын том гавьяа байлаа. Цатгалан хүн өлсгөлөнгийн, морьтой хүн явганы зовлонг мэддэггүй юм гэнэ лээ. Сү.Батболд гишүүн өлсөхийн зовлонг бараг үзээгүй байж мэднэ. Гэхдээ УИХ-аар ядууст хүнсний хөнгөлөлт эдлүүлэх хөтөлбөрийн төслийг санаачлан хэлэлцүүлж байсан удаатай. Энэ эрхэм Монгол Улсын Гадаад харилцааны яамыг нэг хэсэг толгойлохдоо гадаад харилцааг эдийн засагжуулах гэсэн нэр томъёог гаргаж, тэр чиглэлээр ажилласан нь цоо шинэ алхам байлаа.

Засгийн газрын тэргүүн асан С.Баярын дараа 2009 оны намраас тэрээр Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар сонгогдсон. С.Баяр түүнд “Дипломатч зангаар дандаа “yes” гэж болохгүй, хааяа ч гэсэн “no” гэж хэлж сураарай” хэмээн захиж байсан юм. Тэр захиасыг гайгүй сайн биелүүлэх шиг болсон. Түүнийг засаг тэргүүлж байхад өнөөгийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүн шадар сайд нь, баруун гар нь байж нэгэн буулга дор зүтгэж Монголын эдийн засгийн өсөлтийг дөрвөн жилийн өмнөх 2008 оныхоос тэс өөр өндөр төвшинд хүргэсэн. Түүний Ерөнхий сайд байх үед Оюутолгойн төсөл ажил хэрэгт шилжиж  ирэх жилээс  хүдэр боловсруулах шатанд орох гэж байна. Сайн муугаар хэлүүлдэг ч “Эрдэнэс-Тавантолгой” төслийн үр шимээс иргэдэд хүртээж хүний хөгжлийн сангаас 21 мянган төгрөг тараасан. Мал сүргийн тоо 50 саяд хүрэв. Улаанбуудай, төмсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангадаг болов. Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт урьд өмнө хэзээ ч байгаагүй 17,3 хувьд хүрсэн юм. Дэлхийн банкны үнэлгээгээр Монгол Улс дундаж орлоготой улс орны тоонд жагсч, нэр хүнд бүхий “Стандарт энд Пүүрс” компанийн үнэлгээгээр Монголын зээлжих зэрэглэл урт хугацаанд ВВ, богино хугацаанд В үнэлгээнд хүрч хэтийн төлвөө “Тогтвортой” хэмээн дүгнүүлсэн. “Фитч” хэмээх өөр нэг компани урт хугацааны зээлжих зэрэглэлийг бүр нэгээр ахиулан В+ болгон зарлав. Монгол Улс эдийн засгийн үзүүлэлтээрээ ийнхүү дэлхийн олон орны дунд нүүр улайхааргүй байр суурь эзэлсэн юм. Хөгжлийн банк байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлж 600 сая ам.долларын эх үүсвэрийг мөнгөний авдарт нь хийж өгчээ. Малаа мадаггүй тоолдог атлаа иргэнээ тоолж чаддаггүй байсан цаг ард хоцорч, түүхэнд анх удаа хурууны хээний сан, дижитал зургийн мэдээллийн сантай болгов. Хөдөө аж ахуйн Монгол орон энэ хэдхэн жилд уул уурхайн том улс болох төрхөө олж, дэлхий нийтээрээ Монголын зүг хардаг боллоо.

Ердөө энэ хэдэн өгүүлбэрийг хэлэхэд л 26 дахь Ерөнхий сайдын хамтарсан танхимын хийсэн ажлын дүн нуруу харагдах болно. Энэ зэрэгт хүргэхэд мэдээж тийм амар байгаагүй. Шүүмж ч их дуулсан. Одоо ч шүүмжлүүлж л буй. Улстөрчийнхөө хувьд С.Батболд төлөвшсөн, соёлтой улстөрчийн жишгийг харуулж чаддаг нэгэн. Улс төрийн тавцанд өрсөлдөгч намтайгаа хамтран байгуулсан Засгийн газрыг тэрээр өнгөрсөн гурван жилд чадамгай залсан. Тэгсэндээ дэлхийд өндөр хурдацтай эдийн засгийг улсдаа суурьшуулж чадсан. Гадаад хэргийн дэд сайд байхаасаа л тэрээр гадаад харилцааг эдийн засагжуулна гэсэн томъёолол гаргаж ирсэн эрчээрээ Ерөнхий сайд байхдаа улс орноо хэтийдсэн улс төржилтөөс гаргаж эдийн засагжуулж чадсан юм.

Намынхаа МАХН гэдэг нэрийг МАН хэмээх уугуул нэрээр нь сольсон. “Ардын намын дарга Дамдины Сүхбаатарын Батболд. Ээж нь Янжин шүү” хэмээн ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх түүнийг “цоллож” байв. Гэхдээ цагаа ололгүй намынхаа нэрийг сольсон энэ алхам 2012 оны сонгуульд МАН амжилт тааруу оролцох нэг шалтгаан болсон гэдгийг үгүйсгэж болохгүй. Наад зах нь МАН-аас МАХН тасарч гараад МҮАН-тай эвсэн парламентад нэг бүлэг бүрдүүлсэн. Хэрэв намынхаа нэрийг солиогүй бол АН-тай ач тач тооны гишүүн сонгогдох байсан гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлж буй. Тэрээр УИХ-ын 2012 оны сонгуульд намын жагсаалтын нэгд бичигдэн парламентад дахин суув. МАН-ын даргын хувьд УИХ-ын 2012 оны сонгуульд намаа амжилттай оролцуулж чадаагүй ч ёс жудагтай улстөрчийн зангаргаар алдаагаа хүлээж, тахимаа өгч нэгэн шинэ жишгийг тогтоосон юм. МАН засгийн эрхнээс буугаагүй л болохоос хэрэг дээрээ өмнө нь хэд хэдэн сонгуульд ялагдал хүлээгээд байв. Гэвч ялагдсан дарга нар нь хэзээ ч С.Батболд шиг буруугаа хүлээж, албаа өгч байсангүй. Тэгж толгойг нь илдэг байсан нь яван явсаар 2012 оны энэхүү уналтад хүргэсэн гэж хэлж болно. С.Батболд гишүүн сонгуульд амжилт гаргаж чадаагүй алдаагаа хүлээн зөвшөөрч, намын даргын өндөр сэнтийгээс бууж, хариуцлагаа үүрдгийн жишээг харуулан, туршлагатай гишүүн Ө.Энхтүвшинд халаагаа өгөв. Цаашдаа ийм хариуцлагаа хүлээж чаддаг жишиг Монголын улс төрд тогтох биз ээ.

Тэрээр бас уян хатан улстөрч. Лондонгийн зуны олимпод Ерөнхий сайдын хувиар явах байсан ч төрийн ажлыг гацаахгүй гэсэндээ АН-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу айлчлалаа хойшлуулж, албаа өгснийхөө дараах өглөө олимпийн нийслэлийг зорьсон. Ганц өдрийн өмнө боловч нийслэлийг эзэнтэй болгох гэсэндээ шинэ Ерөнхий сайд томилогдохыг хүлээлгүйгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийг батламжилсан. Ингэж С.Батболд гишүүн Засгийн газрын жингийн ачааг жимбийтэл татаад шинэ тэргүүнд нь гардуулсан юм.

УИХ-ын сул гишүүн болсноосоо хойш нам гүмхэн байгаа ч саяхан Өвөрхангайн тойргоос АН-ын хоёр гишүүнийг ялсанд тооцон тангараг өргүүлэх шахахад МАН-ын гишүүдийнхээ тэмцлийг дэмжин буйдантай суултад оролцов. УИХ-ын дарга аснууд, Засгийн газрын хэд хэдэн тэргүүн асан чуулганы танхимын үүдийг буйдангаар таглан өвөр дээрээ лоозон тавиад сууж байсан нь олны анхаарал, бас сониуч занг өөрийн эрхгүй татаж байв.

Үүнээс өөрөөр шинэ УИХ-д содон мөр гаргаж амжаагүй байгаа ч Сүхбаатарын Батболд гэдэг эрхэм  цаашдаа ч Монголын том улстөрчийн нэг байсаар байх биз ээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж