ШИРЭНГИЙН ЭХЛЭЛ
Шашинтнуудын тоо нэмэгдэхэд хамгийн том нөлөө үзүүлсэн нь нийгмийн байдал. Ардчилсан нийгэмд шилжээд удаагүй байгаа Монголын ард иргэдэд хамгийн хэрэгтэй байсан зүйл нь сэтгэлийн дэмжлэг. Үүнд нийцэж болох хамгийн хүчтэй арга нь шашин. Тиймээс буддын шашны сүмүүдийн тоо өмнөхөөсөө нэмэгдсэн гэхэд болно. Хаалттай нийгмийн үед үзэл суртлыг нь бузарлалаа гэсэн шалтгаанаар хаагдаж, ухуулга сурталчилгааны байр болоод байсан зарим нэг сүмүүд сэргэж эхлэв. Буддын сүмүүд хүчээ авч эхэлмэгцтэй зэрэгцэн Христийн сүмүүд ч мандаж эхэллээ. Угтаа 1970-аад оны сүүлээр ирсэн гадны зарим нөхөд христийн шашны үзлийг Монголд дэлгэрүүлж болох юм байна гэдгийг бодсон ч байж болох. Голдуу гадны хөрөнгө оруулалттай байдаг томоохон сүмүүд ядарч байсан ард иргэдийн ходоодоор нь тоглосон гэхэд хэтийдсэн болохгүй. Зарим нь сүмийнхээ дэргэд хэн нэгэн америкийн өмсч байсан хуучин хувцсыг ертөнцийн эзний бэлэг хэмээн тарааж байсан удаатай. Үр дүнд нь 2000-аад онд өсвөр насны охидууд мөнхийн амьдралыг олохын тулд амиа хорлосон хэргүүд удаа дараалан гарав. Эдгээр сүмүүд ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулалттай байдаг учраас хангамж сайтай байна гэсэн үг. Тухайн үед ард иргэдийн дунд “Гандан мөнгө авдаг, Христийн сүм хоол өгдөг” гэсэн хэллэг гарч байсан юм. Христийн сүм рейтингээ дээшлүүлж байх тэр мөчид Гандан хурал, номынхоо үнийг бууруулж, өгөх хүний сүсэг мэднэ гэсэн систем рүү шилжив. Гэтэл цаг хугацаа өнгөрөхийн хэрээр христийн шашны сүмийн тоо газар сайгүй нэмэгдэж, нийгмийн байдал ч христ шашинтнуудыг ойлгож эхэллээ. Олон улсын эвангалистүүдийн холбооноос Монгол Улсыг христийн шашин хүчтэй дэлгэрч байгаа улсын тоонд багтаасан байдаг. Үүнийг тус байгууллагын сайтад бичихдээ “Шашны эрх чөлөөний үр дүнд Христ шашинтнуудын тоо нэмэгдэж байна. Энэ бол манай байгууллага хэр хүчтэй байгаагийн жишээ” гэж бичжээ.
Одоо бүр христ гэдэг нь имиж болжээ. Христ Монголд дэлгэрч байх эхэн үед хүмүүс тэднийг гадуурхаж, гэр бүлийнхэн нь ч дургүйцдэг байсан бол одоо тэднийг илүү ойлгож, зарим нь “христийг шүтвэл хүн болдог” гэсэн үгийг ч гаргаад амжжээ. Одоо бол христийн шашны бүх эд эс нь Монголд орж ирсэн. Католик, протестант, мормон, үнэн алдартан гээд л…
Хоёр том шашин ийнхүү хөгжиж байх хооронд бусад шашин яасан бэ, сонирхоё. Дархан-Уул, Ховд, Баян-Өлгий аймагт мусульман шашны сүмүүд чамгүй хэмжээгээр бий. Харин Улаанбаатар хотод арав хүрэхтэй үгүйтэй мусульман сүм байна. Гэхдээ Монголд Мусульманы хамгийн зөөлөн хувилбар нь хөгжиж байгаа гэхэд болно. Тиймээс дэлхий нийтийн “ойлголт”-оор террористууд гэх нөхөд Монголд байхгүй гэж итгэж болох нь.
Сүүлийн жилүүдэд бөөгийн шашин хүчээ авч байгааг жил хүрэхгүй хугацааны дотор шүтэгчид нь 10 гаруй хувь болтлоо өссөнөөс харж болно. Гэхдээ одоохондоо Монголын зонхилогч шашны тоонд орохгүй л байна. Бөөгийн холбогдолтой үйл ажиллагаа явуулдаг байгууллага албан бус тоогоор 50 гаруй байгаа аж.
ШИГҮҮ ШИРЭНГЭ
Олон улсын шашны эрх чөлөөний индекст бичсэн тэмдэглэлээс харвал албан бус тоогоор Монголд 600 гаруй христийн сүм байгаа аж. Тэдний 140 нь ямар нэгэн зөвшөөрөл аваагүй гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр Монголд байдаг нийт сүмүийн бараг 90 хувь болж таарах гээд байдаг. Тэгтэл энэ тэмдэглэлд Монгол Улсын хамгийн аюултай бүс нутагт Төв аймгийг оруулжээ. Учир нь 2005 оноос хойш тус аймагт христийн шашинтнуудыг нийлж зодох, гадуурхах үзэл эрчимжиж байгаа аж. Гэтэл Монголд байсан бид энэ талаар мэдэхгүй л байна. 2010 оны сүүлээр хуучин “Од” кино театрын ойролцоо бөөг илүүд үзсэн өсвөр насныхан христийг дэмжсэн үеийнхээ хүүхдүүдтэй зодолдсон тохиолдол гарсан билээ. Дунд сургуулийн багш нар ч хүүхдүүд шашнаараа талцаж маргалдаж байгааг олонтоо харснаа нуудаггүй. Хэрвээ өсвөр үеийнхэн ийм бодолтой байвал ирээдүйд юу болохыг тааж мэдэхгүй. Мөн Баян-Өлгий аймагт ирсэн буддын шашинтнуудыг нийлж зоддог гэсэн мэдээлэл ч бий. Хэдийгээр шашны мөргөлдөөн үүсгэхээр том маргаан биш гэж бодож болох авч ирээдүйд хэрхэх нь эргэлзээтэй.
Шашны мөргөлдөөний талаар дурдахад Азиас хамгийн том жишээ нь Мьянмар. Тэнд 2005 оноос хойш гол шашин болох Мусульман, христ шашинтнуудын хооронд цус асгаруулсан мөргөлдөөн гарах болсон билээ. Хамгийн сүүлд л гэхэд үүнээс болж 60 гаруй хүн нөгөө ертөнцөд очоод байгаа юм. “Ер нь шашинд хяналт тавьж нарийн бүртгэлийг хийх ёстой. Тэгэхгүй бол эх адаггүй зөвшөөрлөөс болж ямар нэгэн маргаан дэгдэхийг үгүйсгэх аргагүй. Ялангуяа гадны байгууллагаас хөрөнгө оруулж барьсан сүмүүдийг нарийн шалгахгүй бол улс төрийн агуулгатай ч байж болох юм” гэж доктор, профессор С.Халтар ярив.
ШИРЭНГИЙН ХУУЛЬ
Монголд тэртээ тэргүй маш олон шашны байгууллага байгаа нь үнэн. Гагцхүү бид үүнийг нарийн мэдэж байх нь чухал. Мөнхүү улстөрчийн мэдрэмж хэрэгтэй. 2008 онд Монголын үндэсний ардчилсан нам буддын шашныг төрийн шашин болгох хэрэгтэй гэсэн уриаг дэвшүүлж сонгуульд орсон нь нийт олонхийн дургүйцлийг хүлээгээд авсан. Мөн баяр ёслолын үеэр, зарим төрийн албан ёсны арга хэмжээ, уулзалтад зөвхөн буддын шашны төлөөллийг оролцуулж байгаа нь ирээдүйд үүсэх муу үр дагаврын эхлэл ч байхыг үгүйсгэхгүй. Бид Үндсэн хуулиндаа шашин шүтэх, эс шүтэх эрхийг хориогүй, төрийн шашнаар ч аль нэгийг нь онцолж зарлаагүй. Тиймээс бид торгон мэдрэмжтэй хандахгүй бол болохгүй.
Эцэст нь олон улсын шашны эрх чөлөөний индекст бичсэн тэмдэглэлийн төгслгөлийн хэсгээс дуулгая. “Монгол Улсын шашны үйл хэрэгт тавих АНУ-ын бодлого бол нэн даруйд христийн шашинтнууд болоод сүмийн тоог нарийн гаргахгүй бол шашны эрх чөлөөгүй орон болоход ойртоод байна” гэж.