Тооцоо ёсоор бол шатахууны үнийг 50-60 төгрөгөөр нэмж магадгүй
Манай гол импортлогч ОХУ-ын “Роснефть” компани шатахууны үнээ нэмсэн тул тун удахгүй Монголд шатахууны үнэ нэмэгдэх нь бараг тодорхой. Хэзээнээс, хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ гэдэг л иргэдийн хувьд асуулт, асуудал болоод байгаа юм. Томоохон шатахуун импортлогч компаниуд болох “НИК”, “Петровис” зэрэг компанийн удирдлагууд “Бид өнгөрсөн саруудад алдагдалтай ажилласан. Энэ сарын эхнээс эхлэн дахиад л нэмэгдсэн үнээр шатахуун ирж байгаа тул бид багадаа л гэхэд шатахууныг 230 орчим төгрөгөөр нэмэгдүүлнэ” гэж мэдэгдсэн. Гэтэл ШӨХТГ-ын улсын байцаагчын дүгнэлтээр шатахууны үнэ литр тутамдаа 50-60 төгрөгөөр нэмэгдэх үндэслэлтэй гэнэ. Тиймээс ШӨХТГ-аас шатахуун импортлогч компаниудад хандан үнэ нэмэх үндэслэлийг сайтар тайлбарлан, ШӨХТГ-т урьдчилан хянуулахыг үүрэг болгож байгаа ажээ. Өөрөөр хэлбэл ШӨХТГ-аас чухам хэдэн төгрөгөөр нэмбэл зохихыг судлаж, хянаж, зөвшөөрсний дараа шатахууны үнэ нэмэх эрхийг шатахуун импортлогчдод олгох гэнэ.
“Нонгшим”-ийн бэлэн гоймонгоос айх хэрэггүй боллоо
Дэлхийн олон оронд бүтээгдэхүүнээ экспортлодог Өмнөд Солонгосын “Нонгшим групп”–ийн бэлэн гоймонгоос хорт хавдар үүсгэдэг бензопирен хэмээх бодис илэрсэн нь иргэдэд багагүй айдас төрүүлсэн. Энэ талаар О.Магнай “”Нонгшим групп”-ын бэлэн гоймонд хийсэн шалгалтын дүн гарсан. Тодруулбал, нийт 15 нэрийн бэлэн гоймонгоос зургаад нь хүний биед хортой бодис агуулагдаж байгаа нь тогтоогдсон. Эдгээр зургаан төрлийн гоймонг зах зээл, дэлгүүрийн лангуунаас бүрэн татсан. Тиймээс та бүхэн бэлэн гоймонг хортой болов уу гэж айх хэрэггүй. Харин шалгалтын явцад “Нонгшим”-ын бэлэн гоймонг БНХАУ-аас оруулж ирдэг гэдгийг олж тогтоосон” гэж ярьсан юм.
Баярлууштай мэдээ бол бидний ихээр хэрэглэдэг том улаан савтай болон ууттай кимчитэй, мөөгтэй бэлэн гоймонгоос ямар нэгэн хорт бодис илрээгүй юм байна.
“Жинхэнэ” Coca cola уух боломж…
“Америкийн нэгдсэн улс, Европын холбооны улсуудын Кока кола, Пэпси ундаанаас манай улсад үйлдвэрлэж байгаа эдгээр ундаа нэг л өөр амттай байгаа. Нэр нэгтэй, орц найрлага нь ижилхэн мөртлөө яагаад өөр өөр амттай байгааг бид судлаж байгаа. Үүнд үйлдвэрлэгч байгууллагууд янз бүрийн тайлбар өгдөг. Гэхдээ энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийг бид анхааралдаа аваад байна. Мөн Америкт худалдаалагддаг Pampers живх Монголд байгаас чанарын хувьд тааруу байгааг бид бас анхааралдаа авсан” гэж О.Магнай ярьсан юм.
Үйлчилгээ, чанар сайтай гэгддэг ч өндөр төлбөр нэхдэг Вьетнам автомашины засваруудыг ирэх арванхоёрдугаар сарын 7-ноос эхлэн нэг үнийн тариф, үүнийгээ ханандаа ил наахыг ШӨХТГ-аас үүрэгджээ. Үүнтэй мөн адилаар Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгоддог эмийн жагсаалтыг бүх эмийн сангийн хананд наалгаж, иргэдэд дээрхи эмүүдийг ил тод болгосон байна. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч эмийн санд оронгуутаа авах гэж буй эм тань Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн дагуу, Өрхий эмчийн хөнгөлөттэй жороор авч болох эм эсэхийг түвэггүй мэдэх боломжтой болжээ.
17 тэрбум юу болсон бэ?
Нефть импортлогч компаниуд өнгөрсөн нэгдүгээр сард үгсэн хуйвалдаж бензиний үнийг 230 төгрөгөөр нэмсэн. Энэхүү үйлдийг хууль бус болохыг ШӨХТГ-ын улсын байцаагчид тогтоон, 17 тэрбум төгрөгийн торгуулийг шатахуун импортлогч компаниудад ногдуулсан. Гэтэл Б.Лхагва нь өнгөрсөн тавдугаар сард ШӨХТГ-ын даргаар томилогдсон даруйдаа дээрхи торгуулийг үгсэн хуйвалдсан нь батлагдаж, нотлогдоогүй гэж үзэн хүчингүй болгосон билээ. Харин О.Магнай ШӨХТГ-ын даргаар томилогдмогцоо дээрхи шийдвэрийг гаргасан дарга, зөвлөлийн гишүүдийг АТГ-д шалгуулах хүсэлтээ илгээсэн юм. Энэхүү хүсэлт, баримтыг АТГ-аас хянан үзээд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй үзэн, хавтаст хэрэг нээгээд байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва, зөвлөлийн орон тооны гишүүн С.Ганбаатар, хуучнаар ХХААЯ-ны Стратеги төлөвлөлт бодлогын газрын орлогч Б.Алтанцэцэг, Сангийн яамны Санхүү эдийн засгийн бодлогын дарга Б.Батбаяр, ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын дарга А.Эрдэнэпүрэв, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал М.Ганжолоо нарыг АТГ-аас сэжигтнээр татаад байгаа юм байна.
Харин 17 тэрбумын торгуулийг сэргээх эсэхийг О.Магнайгаас тодруулахад “Зөвлөлийн гишүүд АТГ-т шалгуулж байгаатай холбогдуулан шинээр ШӨХТГ-ын зөвлөлийн гишүүдийг томилох шаардлагатай болсон. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэхүү зөвлөлийг тун удахгүй томилно гэж мэдэгдсэн. Шинээр зөвлөл байгуулагдмагц шатахуун импортлогч компаниудад ногдуулсан 17 тэрбумын торгууль ногдуулах шийдвэрийг сэргээж, нөхөн төлүүлэх асуудлыг хэлэлцэнэ” гэсэн юм.