
Жил ирэх тусам гадныхан Монголд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж буйн хэрээр энэ талаарх эрх зүйн орчин, зохицуулалтыг нарийвчлах шаардлага гарч буй. Энэ дагуу үүнд нөлөөлөх хүчин зүйл болох компанийн засаглалыг сайжруулах шаардлага ч чухал байгаа учраас ийнхүү дотоодын болон олон улсын байгууллагынхныг оролцуулсан хэлэлцүүлэг хийх болсон байна. Уг хэлэлцүүлэгт Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн захирал, КЗХТ-ийн ТУЗ-ын дарга Проф. Д. Батжаргал, Санхүүгийн зохицуулах хорооны Компанийн засаглалын хөтөлбөрийн албаны дарга Д.Ганбаяр, “Бизнесийг дэмжих төсөл”-ийн зөвлөх Иенер Демир, Олон улсын санхүүгийн корпорацийн Компанийн засаглалын бэхжүүлэх төслийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Анар Алиев нар болон бусад мэргэжилтнүүд оролцох юм байна. Энэ үеэр одоогоос жилийн өмнө шинэчлэн батлагдсан Компанийн тухай хуулийн хэрэгжилт, аж ахуй нэгжүүдэд засаглалыг хэрхэн нэвтрүүлэх бодит зөвлөгөөг өгөхөөс гадна засаглалын үнэлгээний тухай ярилцах ажээ.