![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/9/e0ce55f88f5fa8d3/9cfff73219d95f26big.jpg)
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлд оруулах зарим саналаа танилцуулсан. Тухайлбал, санхүүгийн секторын тогтвортой байдлын талаар улирал тутам Монголбанкнаас УИХ-д мэдээлэл хийх гэх зэрэг саналуудаа тэрбээр танилцуулав. Харин УИХ-ын зарим гишүүд санхүүгийн секторын тогтвортой байдлын талаарх мэдээллийг улирал тутам олон нийтэд өгөх нь зөв. Харин УИХ-д мэдээлэл хийх нь тийм сайн үр дагавар авчрахгүй гэсэн байр суурьтай байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Санхүүгийн салбарын талаар УИХ-д мэдээлэл хийхээр УИХ-ын гишүүд тогтворгүй байдлын талаар л голдуу лавлаж асуудаг. Түүнээс үүдэн нийгэмд сөрөг мэдээлэл бий болж, тогтворгүй байдлыг урин дуудах вий гэж санаа зовж байна. Угаасаа Монголбанк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах үүрэг хүлээдэг. Улиралд нэг удаа олон нийтэд мэдээлэл өгөөд явах нь зүйтэй. Харин үндэслэлтэй мэдээлэл өгсөн эсэхийг Эдийн засгийн байнгын хорооноос томилсон ажлын хэсэг шалгаад байх боломжтой гэж хэлж байлаа.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, УИХ-д Монголбанкны мэдээллийг сонссоноор дотоод хэрэгт нь хэтэрхий оролцож байгаа хэрэг биш. Харин ч анхаарал тавьж буйн илрэл. Мэдээлэл сонссоноор процессыг тухай бүр нь ойлгон, алдааг нь мөн засаад явах болно. Ирэх оны мөнгөний бодогын шинэчлэлд ч чухал нөлөөтэй гэж тайлбарлаж байлаа. Түүний гаргасан саналыг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнгүй.
Үүний дараа Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэв. Гишүүд агаарын тээвэр нь үндэсний аюулгүй байдлыг хангах болон манайх шиг далайд гарцгүй оронд стратегийн чухал ач холбогдолтойг онцолж байлаа. Тиймээс иргэний нисэхийг хөгжүүлэх талаарх хөтөлбөр яагаад ийм хожуу орж ирж байна хэмээн гайхаж байв. Харин хөтөлбөр боловсруулагчид 2010 онд хөтөлбөрөө боловсруулсан боловч өмнөх Засгийн газар дэмжээгүй учир энэ удаагийн Засгийн газарт хүсэлт гарган, оруулж ирж байгаагаа учирлав.
Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын төслийг нийт 11бүлэг, 27 заалт, 61 дэд заалттайгаар, хөгжлийн стратегийг 2024 оныг хүртэл хамрахаар тооцож боловсрууллаа хэмээн Зам, тээврийн сайд А.Гансүх танилцуулсан юм.
Монгол Улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 17-рт ордог томоохон орон. Тиймээс Ази, Европ, Америкийг холбох агаарын томоохон зангилаа болох ирээдүйтэй. Эдгээр шат дараалсан хөтөлбөрийг хэрэгжүүлж зах зээлийг нээлттэй болгосноор 2016 оноос олон улсад өрсөлдөх чадвартай , агаарын зангилаа том хэмжээний нисэх буудалтай, мөн иргэдийн зорчих тасалбарын үнэ буурах боломжтой гэдгийг гишүүд онцлов.
Хөшигтийн хөндийд баригдах шинэ нисэх онгоцны буудлын талаарх мэдээлэлд гишүүд сэтгэл хангалуун биш байлаа. 2017 онд ашиглалтад орно гэж буй шинэ нисэх буудал жилд 1.3 сая зорчигч хүлээн авах чадвартай аж. “Чингис хаан” нисэх онгоцны буудал энэ оны сүүлээр гэхэд 1.2 сая зорчигч хүлээн авах тооцоо гараад байгаа. Шинэ нисэх буудлыг барих гүйцэтгэгчийг тодруулах сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг 11 дүгээр сарын 9-ний өдөр зарлах юм байна.
Мөн батлан хамгаалахын чиглэлээр хэрэглэж байсан онгоцны буудлуудыг ашиглах боломжтой эсэхийг тодруулахад “Дээрхи онгоцны буудлуудыг ОХУ-ын мэргэжилтнүүд судалгаа хийсэн. Ингээд 30 тонноос доош хэмжээний онгоц буух боломжтой гэсэн дүгнэлт гаргасан” гэдгийг салбарын сайд нь онцлов. Мөн агаарын тээвэр нь шударгаар өрсөлддөггүй. Өөрөөр хэлбэл ганцхан компани буюу МИАТ монополь үйлчилдэг гэдэг дээр зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Тиймээс ч олон зорчигч компаниуд өрсөлдөж, өрсөлдөөний орчин бүрдүүлэх боломж бий эсэхийг тодруулахад, “2016 он хүртэл агаарын салбарын өрсөлдөөнийг төрөөс зохицуулна. Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх төрөөс баримтлах бодлогод тусгаснаар 2016 оноос эхлэн агаарын салбарын өрсөлдөөнийг нээлттэй болгох боломжтой” хэмээн Зам тээврийн сайд А.Гансүх хариуллаа.
Гишүүд ийнхүү хэлэлцээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.