Италийн Лампедуза арал руу Ливи улсаас цагаачилж байсан иргэдийг тээвэрлэж явсан хөлөг онгоц осолдож, 10 хүн амь насаа алджээ. Энэ онгоц газрын дундад тэнгист орон нутгийн цагаар өнгөрсөн ням гаригт осолдсон байна. Нийт 70 хүн сууж явсан бөгөөд үүний 62 нь эрэгтэй, найм нь эмэгтэй хүн байжээ. Италийн “АНСА” агентлагийн мэдээлж байгаагаар нэг эмэгтэй нь жирэмсэн байсан аж. Одоогийн байдлаар Италийн эргийн харуулын анги усан доор эрэлээ үргэлжлүүлж байна. Одоогоос хоёр сарын өмнө Тунисаас, Итали руу цагаачилж байсан 100 хүн цэргийн бүсэд нэвтэрсэн гэх үндэслэлээр хэд хоног газар дундын тэнгист НАТО-гийн цэргийнхний хяналтад байсан юм. Лампедуза арал дээр жил бүр мянга, мянган цагаачилж ирдэг бөгөөд шаардлага хангасан хүмүүсийг Европын холбооны зөвшөөрөлтэйгөөр тус улс руу нэвтрүүлдэг юм байна. Эмнести интернейшнл байгууллагын судалгаагаар 1500 хүн газар дундын тэнгист нас бардаг гэсэн судалгаа гарчээ.
Б.СҮХ