Редакци бүр ҮЭ-тэй болох хэрэгтэй байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Редакци бүр ҮЭ-тэй болох хэрэгтэй байна гэв

УИХ-аар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр эл асуудлын хүрээнд хэлэлцүүлэг  өрнүүллээ. Хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Парламентын сэтгүүлчдийн холбоо, Монголын хэвлэлийн хүрээлэн хамтран зохион байгуулав.

Хэлэлцүүлгийн шатанд сэтгүүлчид дээрх хуулийн төсөлтэй холбоотойгоор нааштай зохицуулалт тусгаад байгааг тэмдэглэлээ. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн тус төсөлд сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхтэй байх заалт орсныг зөв зүйл хэмээн онцолж байна. Нөгөө талаас бичсэн мэдээлэл, нийтлэлийнхээ төлөө сэтгүүлч “Иргэний  нэр хүндэд халдсан” гэдэг үндэслэлээр Эрүүгийн хариуцлагад татагдах болдгийг дээрх хуулийн төслийн хүрээнд зөөллөж, Иргэний хуулиар зохицуулах гарц хайж буйг оновчтой зохицуулалт хэмээн үзэж байна.

Харин Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, УИХ-ын гишүүн Г.Уянга нар хэвлэл мэдээллийн салбар дахь редакци бүр дэргэдээ Үйлдвэрчний эвлэлтэй байх заалтыг хуульд тусгаж өгөх нь чухал болохыг онцлов. Учир нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлч, оператор, гэрэл зурагчид цалин багатай, түүнийгээ ил тодоор хэлдэггүй, зөвхөн судалгаа авахад л илэрхийлдэг. Авдаг цалин нь амьдралд хүрэлцдэггүй нь эргээд сэтгүүлч бусдаас хараат байх байдал хангагддаггүй. Энэ нь хэвлэл мэдээлэл бусдаас хараат байх зарчимд сөрөг нөлөө үзүүлж байгаа тул сэтгүүлчдийн эрх ашгийг нь хамгаалах чиглэлээр энэ талын байгууллагатай болох нь чухал гэсэн юм.
 

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж