Митт Ромни гэгч мормон

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Митт Ромни гэгч мормон

Митт Ромни энэ удаагийн сонгуульд Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж байгаа. Тэрээр саятан, амжилттай менежер бөгөөд мормон сүсэгтэн.

Бүгд найрамдах намын нэр дэвшигчийн ашиг орлого 2011 онд 21,6 сая ам.доллар байв. Орлогоосоо гурван саяыг нь буяны үйлст зориулсан нэгэн. Гэхдээ тэрээр хандивынхаа дийлэнхийг “Исүс Христийн сүүлчийн буянтай өдрүүд” нэртэй мормон шашны сүмд зориулжээ. Өдгөө 64 настай Митт Ромни 2003-2007 онд Массачусетс мужийн захирагчаар ажиллаж байсан, таван хүүтэй, 16 ачтай гэнэ.

АМЕРИКТ САЯХАН БАЙХ НЬ МУУ Ч ЮМ БИШ

Ромнийн эцэг, эх нэртэй улстөрчид. Харвардын их сургуулийн эдийн засаг, хууль зүйн өндөр чансаатай элитийн факультет төгссөнөөр ирээдүйн замналаа дардан болгосон тэрээр консалтингийн “Bain&Co” компани, мөн “Bain Capital”-ын охин компанид дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Хамт ажиллагсад нь түүнийг хоногийн 24 цагийн 20-д нь ажилладаг байсныг гэрчилдэг. Ромни 2002 оны Солт Лейкийн өвлийн олимпийг дампуурлаас аварч, сайн менежер гэдгээ нотолжээ.

Өнөөдөр ч Ромни “Bain Capital” компаниас орлого авдаг. Энэ нь түүний шүүмжлэлд өртөх нэг шалтгаан болдог ч АНУ-л саятан байх нь этгээд содон зүйл биш. Харин хөрөнгө мөнгөө хаанаас босгож байна вэ гэдэг нь чухал. “Bain Capital” бол орлогогүй компаниудад хөрөнгө оруулалт хийдэг сан юм. Компаниуд нь дампуурсны дараа уг сан тэднийг ашигтайгаар худалддаг ажээ.

Иймэрхүү санг бол Германд “царцаа” гэж нэрлэдэг ба тэд компаниас ашигтай салбарыг нь тасдан аваад бусдыг нь үйлдвэрлэл, ажилтнуудынх нь хамт хаядгаас тийм хоч авдаг гэнэ. Ромни тийм шүүмжлэлийг  үгүйсгэж, “Bain Capital” сан 100 мянган ажлын байр бий болгосон гэдэг. 


НЭР ХҮНД ТААРУУХАН ЗАХИРАГЧ ТӨСВӨӨ ЭРҮҮЛЖҮҮЛЭВ

Массачусетс муж АНУ-д либерал гэгддэг. Гэтэл Митт Ромни энэ мужийн захирагчаар сонгогдсон нь бүгд найрамдахчуудын том амжилт болов. Энд ажил хэрэгч  чанар нь их тус болжээ. Богино хугацаанд Митта Ромни төсвийн алдагдлыг арилган түүнийг эерэг үзүүлэлтэй болгож чадлаа.

Гэхдээ энэ түүнд нэр алдар авчирсангүй. Ардчилагчид ба сонгогчид түүнийг “нийгмийн цэвдэг” сэтгэлтэн гэж гоочлох болов. Массачусетс мужид цаазаар авах ялыг эргэн сэргээх гэснийг нь өршөөсөнгүй. Ромни тэр хуулийн төслийг мужийн хууль тогтоох байгууллага хүлээн аваагүй бөгөөд 2005 онд түүний чансаа 50 мужийн захирагч нарын дунд 31 дүгээрт бичигджээ.

МОРМОНИЗМ ГЭХ "ХАЧИН ШАШИН"

Залуу насандаа Митт Ромни хоёр жилийн турш Францад “даяанч мормон”  байв. Тэр гуч ч хүрээгүй байхдаа Массачусетс мужийн мормоны 12 нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр сонгогджээ. Ромни сонгуулиар шашны тухай ярихгүйг хичээж ирсэн байна.

Хуурай, зожигдуу Ромни сонгогчдын хамт баярлаж сурчээ

Бүгд найрамдах намын сонгогчид голдуу протестант сүсэгтнүүд. Харин мормонизмыг АНУ-д “хачин шүтлэг” гэж үздэг. Хэдийгээр “Исүс Христийн сүүлчийн буянтай өдрүүд”  сүм олон эхнэртэй байх номнолоосоо татгалзсан ч мормонуудыг ил далдаар олон эхнэртэй гэж америкчууд үзэх нь их. Библийн хамт тэдний уншдаг “Мормоны судар” нь уламжлалт христийнхнхэнд олон ээдрээтэй асуудал гарган тавьдаг ажээ.

ХУВИРАМТГАЙ ЭР

Өрсөлдөгч нар нь Ромни олон нийтийн санал асуулгын дагуу хувирч байдаг хүн гэх. Тэр ч үнэний талтай. Мужийн захирагч байхдаа тэр өнөөдөр Обамагийн хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн салбарын шинэчлэл шиг төсөл хэрэгжүүлэхээр оролдож байсан, харин өнөөдөр Обамагийн санаачлагыг үгүйсгэж буй.

Иймэрхүү зөрчилдөөн түүний үзэл бодолд их. Массачусетст тэр эмэгтэйчүүдийн үр хөндөх эрхийн төлөө байсан бол одоо түүний эсрэг баттай зогсч байна.

Тэрээр хууль бус цагаачдын эсрэг гэхдээ түүнийг ар хударгаар нь хуульчлахын төлөө. Европт хандах санаа нь анхаарал татахаар. “Европ бол хүн амын өсөлтийн сүйрлийн ирмэгт зогсч байна. Тэр нь ёс суртахууны доройтол, гэр бүлийн салан бутралт, хүний амьдралын ариун нандин гэдэгт итгэл алдарсан болон үйлсийг бүтээгчид итгэх итгэл үнэмшилгүй болсны гай” гэж тэр хэлсэн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж