Балбад 15 хүн ирвэст бариулжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Балбад 15 хүн ирвэст бариулжээ

Балбын Байтади нутагт өнгөрсөн 15 сарын хугацаанд ор сураггүй болсон 15 хүнийг цоохор ирвэст бариулсан тухай цагдаагийн газраас мэдээлжээ.  Хамгийн сүүлийн хохирогч нь дөрвөн настай хүү байсан бөгөөд түүний толгойг ширэнгэн ойгоос олсон байна. Балбын цагдаагийн газраас тус улсын баруун хэсгийн нутагт ор сураггүй болоод буй хүмүүсийг цоохор ирвэс барьсан хэмээн мэдээлж байна.

Хохирогчдын дунд насанд хүрсэн эрэгтэй хүн бараг байхгүй бөгөөд ихэнхи нь арваас доош насны хүүхэд байгаагийн дээр ширэнгитэй ойр газраас алга болсон нь энэхүү мэдэгдлийг улам баталж байгаа ажээ. Мөн энэ хэрэгтэйгээр холбоотойгоор Балбын зэрлэг амьтан хамгаалах, үндэсний хүрээлэнгээс сэрэмжлүүлэх мэдээлэл хийжээ. Хүрээлэнгийн экологичдийн үзэж буйгаар Балбын баруун хэсгийн ширэнгид цоохор ирвэс ихээр амьдардаг бөгөөд тэд хүн барьж идсэн байх магадлалтай гэнэ. Экологичид энэ талаар “Хүний мах, цусанд давс ихээр шингэсэн байдаг тул араатан амьтад хүний маханд амтшиж, хүн барих нь ихэссэн” гэж мэдэгдсэн байна. Балбын баруун хэсгийн бүс нутагт цоохор ирвэсэнд бариулан амиа алдсан хүмүүсийн тоо 15 хохирогчоор тогтохгүй гэдгийг албаныхан мэдээлж байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж