Бүх нийтээр мөрддөг стандарттай болно

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Бүх нийтээр мөрддөг стандарттай болно

Стандарчилал хэмжил зүйн төв “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн-18001” олон улсын стандартыг монголд нутагшуулахын тулд уул уурхайн салбарын төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсон, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Компанийн жижиг том, ямар бизнес эрхэлдэг, ямар орчинд ажиллаж байгаагаас үл шалтгаалж хаана ч мөрдөх боломжтой нэгдсэн стандарт боловсруулахын тулд салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж байгаа юм байна.
Манайд ямар ч салбараас үл шалтгаалан мөрдөх ёстой нэгдсэн нэг стандарт гэж байдаггүй юм байна. Тиймээс уул уурхайн хувьд хөрөнгө оруулалт сайтай том компаниуд ISO 26000 гэдэг стандарыг сайн дураараа мөрддөг байна .

“Компани бүрийг ажилчдынхаа аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалдаг болгохын тулд удирдлагын тогтолцоонд нь ажилчдын аюулгүй байдалд хэрхэн хандах, ямар арга хэмжээ авахыг ХАБЭА-18001 гэдэг стандартаар зааж өгөх болно, тиймээс бүх байгууллага саналаа хэлэх эрх нь нээлттэй” гэж өнөөдөр болсон хэлэлцүүлгийн үеэр Стандарчилал, хэмжил зүйн төвийн техникийн зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн С.Соронзонболд хэлсэн юм.

Standard буюу Монгол хэлэнд жишиг, хэм хэмжээ-загвар гэж буудаг энэ үг ажил эрхэлж байгаа хүн бүрийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой. Тиймээс компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлыг төлөвлөж, түүнийгээ хэрэгжүүлээд, туршиж үзсэнийхээ дараа үр дүнг нь байнга шалгаж бас байнга сайжруулж явах ёстой юм байна. Стандарчилал хэмжилзүйн төв ХАБЭА-18001-г энэ жилдээ багтааж батлахаар төлөвлөж байгаа ажээ.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж