Шинэ ерөнхийлөгчийг хэн тодруулах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Шинэ ерөнхийлөгчийг хэн тодруулах вэ?

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 6-нд АНУ-д ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэлж байна. Обама, Ромни хоёрын тэмцлийн үр дүнг 2000 онд Буш, Гор хоёрын өрсөлдөөний  дүнтэй төстэй байх болов уу гэсэн олон улсын шинжээчдийн таамаг бий. Энэ удаагийн сонгуулийн кампани шүүхээр дамжих уу?

АНУ-ын 12 жилийн өмнөх сонгуулийг эргэн санавал, өнөөдрийн сонгууль адал явдал дүүрэн, үйл явдал өрнүүн болж магадгүй. Сонгуулийн өмнөх хэдхэн хоногийн дотор Обама, Ромни нарын чансаа зэрэгцэж, 12 жилийн тэртээх Жорж Буш, Альберт Гор нарын хурц өрсөлдөөнийг санагдуулах болов.

Сүүлийн үеийн нэгэн санал асуулгаар Ромнийн чансаа Обамагийнхаас нэг пунктээр илүү байв. Бараг л зуузай холбоод явж байна гэсэн үг л дээ. Харьцуулбал, Буш 12 жилийн өмнө Гороос  хамаагүй илүү саналтай байсан юм. Гэхдээ тэр үед Цагаан ордны суларч буй суудлын төлөөх өрсөлдөөн байсан бол энэ удаад нэр дэвшигчдийн нэг нь ерөнхийлөгч. Эдийн засгийн байдал ч тэр үеийнхээс хамаагүй хүнд байгаа. Өдгөө тухайн үед гурван хувийн санал зулгаасан Ральф Нейдер шиг гуравдагч өрсөлдөгч ч гэж алга.

СОЛБИЛЦОЛ

2000 он. Жорж Буш Эль Гор нарын мэтгэлцээн

Сонгуулийн үр дүнд ердийн сонгогчдын саналаас гадна сонгогчдын коллегиас итгэл авах нь чухал. Тэдний итгэл ирэх дөрвөн жил улс орныг удирдах ерөнхийлөгч болоод дэд ерөнхийлөгчийг сонгодог билээ.

Олон нийтийн санал асуулгаар Обама, Ромни нарын өрсөлдөөний дүнг хэлэх ямар ч боломжгүй гэж болно. Нэр дэвшигчид тэр шинжээчдийн хэлж байгаачлан ойролцоо санал авсан ч тэр нь 2000 оны сонгуулийг давтана гэсэн үг биш.

Саяхан “Сонгуулийн дайн” гэх номоо гаргасан Калифорнийн Их сургуулийн Эрх зүйн профессор Рик Хейзен "Байдал давтагдахын тулд саналын зөрүү маш өчүүхэн, тодруулбал, хоёр мянга орчим байх ёстой" гэж онцолсон байна. Тэр нь сонгуулийн дүнд нөлөө бүхий мужид сонгогчдын коллегийн хүчний хуваарилалтаар шийдэгдэнэ гэдгийг тэр онцолжээ.

Жорж Буш 12 жилийн өмнө сар гаруй үргэлжилсэн шүүхийн заргын дараа Флорида мужид дөнгөж 537 санал илүү авчээ. Тэр үед хоёр намынхан сонгуулийн дараа үүсэх замбараагүй байдалд бэлэн биш байсан гэж болно.  Харин өнөөдөр хоёр талынхан шүүхийн танхимд учрахад бүхий л талаар бэлэн байгаа ажээ.

 ФЛОРИДАГИЙН СУРГАМЖ

Тэр үед Эль Горын багийн өмгөөлөгчдийн багт багтаж байсан Жон Хардин Янг ярихдаа, “хоёр нам бүх мужуудад сонгуулийг ажиглах өмгөөлөгчдийн багийг хөлсөлсөн байгаа” гэжээ.

Сонгуулийн эрх зүйн нэртэй шинжээч Янг өнөөдөр чухалд тооцогдох Виржиния мужийн сонгуулыг ажиглах Ардчилсан намын зохицуулагчаар ажиллаж байна. Өнөөдрийн хэмжээнд хоёр намынхан сайтар бэлтгэлтэй, Вашингтон болон орон нутагт өмгөөлөгч нарын бүхэл бүтэн арми ажиллаж байна гэсэн юм.

Сүүлийн үед сонгуулийн дэд бүтцийг сайжруулж байгаа ч сонгуультай холбоотой гомдлыг авч хэлэлцэх шүүхийн ажиллагаа хоёр дахин өссөн гэж Рик Хейзен хэлэв. “Намууд адилхан түрэмгий болсон ба өчүүхэн зөрүүгээр ялагдлаа хүлээхийг тэд хүсэхгүй байна” гэдгийг тэр онцлов. Санал хураалт эхлэхээс өмнө шүүхээр хэд хэдэн хэрэг шийдэгдээд эхэлсэн байв. Бүгд найрамдахчууд сонгуулийг хувийн үнэмлэхтэй болгохоор зарга үүсгэсэн бол ардчилагчид тэр нь сонгогчдын эрх ашигт харшилсан хэмээн үзэж, эсрэг байр суурьтай байгаа.

Хейзен ч, Янг ч Конгресст сонгууль явагдсаны дараа саналын хуудсыг дахин тоолох хэрэг гарна гэж байгаа. Харин АНУ-ын түүхэнд тийм зүйл бараг гараагүй гэж болно. 2000 болон 1876 оныг эс тооцвол шүү дээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж