Цаг хугацааны хүрдийг бага зэрэг ухраагаад 2007 онд очвол арай өөр дүр зураг харагдана. Тухайн үед иргэн Б.Эрдэнэчимэгийн нэр дээр 200 метр талбайг авчээ. Гэхдээ барилга барих явцад 430 метр болгожээ. Эхний гэрээнд долоон давхар гэсэн нэг ч үг байгаагүй. Таван давхар барилга барихаар газраа авсан ч суурин дээр нь дахиад хоёр давхрыг нэмээд барьчихжээ. Бодит байдал ердөө л энэ. Угтаа “Тэмүүлэнбаатар” компанийнхан хэвлэлийнхэнд хандах эрхгүй байсан юм. Тэдний оронд эрхээ зөрчүүлсэн иргэд барилгынхаа мөнгийг эргүүлж авъя хэмээн “тэмцээд” явах юм бол шударга ёсонд илүү нийцнэ. Улсын комисс хүлээж аваагүй байранд мөнгөө төлөөд орсон оршин суугчид нь одоо гэртээ даарч, халуун, хүйтэн усгүй суугаа. Ядаж байтал тэд Б.Эрдэнэчимэгт 97 сая төгрөг өгчихсөн байдаг.
Одоо хэр нь зөвшөөрөлтэй эсэх нь үл мэдэгдэх олон арван хашаа хатгачихсан сууриа цутгачихсан байна. Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль, Нэгдүгээр сургуулийн хажуу талын барилга, Американ дэнжийн урдхан талд байрлах талбай, Драгон төвийн урд талын талбай, МҮЭСТО-ны урд байрлах том хашаа гээд хэвлэлийн зай талбай хүрэлцэхгүй. Тэр болгоныг чухамдаа ямар шат дамжлаг дамжаад хашаа хатгасныг жирийн иргэд таахгүй. Сэтгүүлчдэд хүртэл хаалгаа онгойлгодоггүй төрийн болоод нийслэлийн газрын албад энэ тухай чухам юу бодож суугааг мэдэхгүй.
Ийнхүү өнөөдөр иргэдийг хулхидсан этгээд нь эрхээ зөрчсөн гэж хэвлэлийнхэнд хандаж байхад, эрхээ жинхэнэ утгаараа зөрчүүлсэн оршин суугчид нь хэнд хандахаа мэдэхгүй сууна.