”Тэнгис далайг том хөлөг онгоц л туулна”

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

”Тэнгис далайг том хөлөг онгоц л туулна”

Дөрөвхөн жилийн хугацаанд 500 анги уран сайхны кино бүтээнэ гэдэг Олон нийтийн телевизийн уран бүтээлчдийн ур чадвар, тэдний далайцтай, чансаатай,  хүртээмжтэй нийтлэл нэвтрүүлэг бэлтгэн явуулдгийн тод илэрхийлэл юм.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлэг бэлтгэж үзүүлдэг энэ их айлын уран бүтээлийн өргөөнд ажил буцалж, ёстой л түм түжигнэж бум бужигнаж байдаг байх.Жил бүрийн намар шинэ уран бүтээлээр үзэгч олноо баярлуулдаг.Энэ жилийн хувьд?

-Баярлалаа. 45 жилийн намтартай МҮОНТ бол манай улсын хөгжил цэцэглэлтийн түүхийг бодитой бичсэн уран бүтээлийн арвин сан хөмрөгтэй, телевизийн мэргэжлийн боловсон  хүчнийг бэлтгэж, үе үед нь дархалж чадсан уран бүтээлийн өндөр өргөө юм. Манай байгууллагын ажлын үр дүн ямар бүтээл туурвиснаар хэмжигддэг онцлогтой.МҮОНТ үзэгч олны талархлыг хүлээсэн олон сайн бүтээл туурвисан.Бүгд л манай улсын соёл урлагийн сан хөмрөгт үнэ цэнэтэй бүтээл болж хадгалагдсан.Хамгийн чухал нь жил бүр энэ баялаг сан хөмрөгөө зузаатгаж байдаг нь манай хамт олны ажлын бүтээлч үр дүн юм.Энэ намар гэхэд л бас нэг дорвитой бүтээлээр ойн баяраа угтлаа.

-Тодруулбал?

-Төрийн соёрхолт зохиолч Д.Норовын зохиол “Босго тотго” нэртэй 60 ангит шинэ киногоор үзэгч олондоо удахгүй бэлэг барих гэж байна.

-Телевизийн олон ангит киноны уран бүтээлээр МҮОНТ Монголын хэвлэлийн зах зээлд тэргүүлж байгаа харагдах юм. Сүүлийн хэдхэн жилийн дотор 500 гаруй ангит кино бүтээнэ гэдэг том үзүүлэлт.Үндэсний хэмжээний телевиз л үүнийг чадна гэж хэлэхээс өөр аргагүй юм шиг.

-Та зөв хэллээ. Манай уран бүтээлчид өдөр тутмын нэвтрүүлгийнхээ нүсэр ажлын хажуугаар энэ олон ангит кино бүтээсэн гэхэд үнэхээр бахархах сэтгэл төрдөг.Хүмүүс “Хэцүү анги” олон ангит киноноос энэ гарал эхэлсэн гэж боддог. Үнэндээ түүнээс өмнө зохиолч Магваны Эрдэнэбатын зохиолоор найруулагч Насанбатын Байгаль “Сарны нулимс”  гэдэг 13 ангитай сериал бүтээж үзэгчдэд хүргэсэн. Өнөө цагийн залуусын амьдрал, хайр дурлал, атаа жөтөө, ёс суртахууныг их тод томруунаар асуудал дэвшүүлж гаргасан.Энэ киног үзэгчид талархан хүлээн авсан.Кино театрт олон бүтээл гарч байгаа.Гэхдээ тэд телевиз шиг тийм олон үзэгчтэй байж чаддаггүй. Гэтэл энэ киног хичнээн хүн үзлээ.Дараа нь харин “Хэцүү анги” кино яах аргагүй рекорд тогтоосон.Манайх олон ангит кино олныг бүтээх гэж тооны хойноос хөөцөлддөггүй. Энэ кино нийгэмд олон чухал асуудал дэвшүүлсэн юм.Монголын хэвлэлийн хүрээлэнгийн судалгаагаар “Хэцүү анги” киног гарч байх үед телевиз үзэгчдийн тоо 75-80 хувь хүртлээ өссөн дүн байдаг.Олон нийтийн тодотголтой үндэсний телевиз л ингэж анхлан бусдыг манлайлан, уриалж үндэсний, өөрийн гэсэн Монгол сериалыг туурвих нь бодлогын чанартай алхам юм аа.Олон улсын жишиг ч тийм.Олон улсад телевизүүд, гадаадын телевизийн контентийг 10-аас илүүгүй хувьд л үзүүлдэг.

-Олон ангит кино бүтээхэд зохион байгуулах, менежмент бодлого, төлөвлөлт, хөрөнгө санхүү гээд шийдвэрлэх олон асуудал тулгарна даа.

-“Хэцүү анги” олон ангит уран сайхны киног зохиолч Ү.Амарсайхан анх бичиж телевизэд өгсөн байдаг. Эхний хувилбар нь зуун ангитай бичигдсэн.Хөрөнгө мөнгө, зохион байгуулах ажлын нүсрээс болж жил гаруй хүлээгдсэн.Энд Ц.Оюундарь захирлын зориг, зохион байгуулж эхлүүлсэн ажлын чухлыг үнэхээр үнэлж хэлэх хэрэгтэй.Ер нь энэ олон бүтээлийг жил бүр угсруулан гаргаж нүсэр ажил зохион байгуулахад ерөнхий захирал М.Наранбаатар тууштай байж ажил хэрэгчээр дэмжээгүй бол кинонууд гарахгүй л байсан. Мөн МҮОНРТ-ийн тухайн үеийн үндэсний зөвлөл, Х.Чилаажав даргын мэргэн бодлого зөв тусгалаа олсон гэж харж байна

-“Тусгай салаа” кино Монголын киноны ертөнцөд эргэлт авчирсан гэж олон нийт үзэх нь бий.

-Энэ кино телевизийн дэлгэцнээ  гарч дуусаагүй байхад цэрэгт явж эх орноо хамгаалъя гэсэн залуусын тоо эрс нэмэгдэж бараг цэрэг татлагын комисс ачааллаа дийлэхгүй болж байсан. Өнөөгийн залууст эх оронч хүмүүжил хичнээн хэрэгтэй билээ.Гэтэл өнөөх цэргийн албанаас зугатаж байсан хүмүүс өөрсдөө сайн дураараа орж бараг явуулсангүй гэж гомдол мэдүүлсэн.Кино уран бүтээлийн нийгмийн үр нөлөө илт байсан.Яам сурталчилсан гэдэг шүүмжлэл арга буюу хоёрдугаарт яригдана.Цэргийн амьдрал үзүүлж байгаа бүтээлд гарч л таарна.Бидэнд нийгмийн үр нөлөө, ач холбогдол нь л чухал байлаа.Хэрэгтэй зүйлийг сурталчлах л ёстой. Хүмүүс армийг, зэвсэгт хүчнийг буруугаар ойлгож, залуус цэрэгт явахаас татгалзаж, эх орны дархан хилийг манах эр цэргийн тангараг өргөх үүргээс  сэмхэн зугатсан сэтгэлгээ монгол даяар, тэр дундаа сэхээтэн нэртэй дипломтонгуудад бүр ч их тусгалаа олж байсан цаг үе.  “Тусгай салаа” бол залуучуудад цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор хийсэн бүтээл.

-“Өдөр өдрийн нар” кино эмч нарыг, “Амьдрал чиний төлөө” цагдаагийнхны амьдралыг харуулсан. Энэ кино юу авчирсан гэж та үзэж байна вэ?

-Зах зээлийн энэ нийгэмд хүмүүс амьдралын төлөө тэмцэж  байхдаа хамгийн үнэтэй зүйлээ маш хямдхан өгсөн нь хүмүүсийн өөрсдийнх нь эрүүл мэнд. Энэ зорилгын үүднээс эрүүл мэндийн байгууллагын ажилчдын амьдралыг харуулж, та бидний мэдээд байгаа хэрнээ алдаад байгаа тэр зүйлүүд юу байна вэ,  юуг нь бодох ёстой вэ гэдгийг эрүүл мэндийн киногоороо хэлж өгсөн гэж бодож байна.  Ер нь эмчид очиж байгаа хүн тэр эмч сувилагчид итгэж, найдаж байж л эрүүл мэнд, дотныхоо хүний амь насыг даатгуулна шүү дээ.Тэгэхийн тулд эмч нарыг, тэдний ажил үүргийг мэддэг, хүндэлдэг байх хэрэгтэй.Ер нь эмч, өвчтөн 2 бие биенээ дэмжиж байж л эмчилгээ үр дүнтэй болдог шүү дээ.Үүнийг бас бид тодорхой хэмжээнд гаргахыг зорьсон.Энэ зорилт маань ч биелсэн.Эмч нартай хандах хүмүүсийн сэтгэл зүй, эрүүл мэндийн салбарт тавих Засгийн газрын анхаарал сайжирсан гэж боддог.Аливаа ажлыг эхлүүлэхэд хүрэх үр дүн нь чухал байдаг шүү дээ.Ер нь киноны зохиолчид маань дандаа судалгаан дээр үндэслэн бичдэг.Үйл явдал, зөрчил тэр бүхэн нь амьдралаас ургасан, болсон үйл явдлууд байх жишээтэй. Манайд 2 том чухал асуудал зэрэг зэрэг шийдэгдэж байна гэж хэлж болно.Ахмад туршлагатай уран бүтээлчдийн эхлүүлсэн ажлыг залуу халаа амжилттай хөгжүүлж байна гэж хэлэх үндэслэлтэй.

-“Амьдрал чиний төлөө” өнгөрсөн жил гарсан ч дахин давтаж гарахаар  хүмүүс үзээд л.  Амьдралаас ургасан болохоор л тэр байх даа.

-Хүмүүс өөрт тохиолдож байгаа хамгийн хэцүү бэрхшээлтэй айдастай хүйдэстэй нөхцөлд хэнд ханддаг вэ, зөвхөн цагдаад л ханддаг. Гэтэл  иргэд маань тэднийг  хүн гэдэг талаас нь, амьдралынх нь зүгээс ойлгодоггүй.  Тиймээс энэ асуудлыг нээлттэй болгож, цагдаа чинь бидэнтэй л адилхан ээжийн хүү,  хүний хань,  хүүгийн эцэг юм шүү дээ гэдгийг тодорхой харуулахыг зорьсон. Цагдаа ямар зовлон бэрхшээл дунд ажиллаж, амьдардаг вэ, бас та бид санаатай болон санамсаргүй байдлаас яагаад хэрэг төвөгт холбогддог вэ, яаж өөрийгөө хамгаалах вэ гэдгийг харуулж, чадсанаараа энэ 64 ангит кино нийгэмд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Олон ангит кино  жилд нэгийг л хийдэг байсан бол 2011 онд хоёр ч кино гаргалаа. “Амьдралд тавтай морил”гээд  80 анги кино МҮОНТ-ээр гарсан. Хүүхэд залуус маш их үзсэн.  Бидний хийж байгаа энэ кино 13 анги байснаа 60, 64, 80 болоод л өснө гэдэг тоондоо бус цаана нь туршлага, мэдлэг өсч, ур чадвар дээшилж байгаагийн илэрхийлэл юм. Нэгд, бидний бүтээж байгаа олон ангит кино бүр нийгмийн чухал асуудал хөндөж, ард иргэдийн амьдралд ямар нэг эерэг нөлөө үзүүлэхийг зорьж байна.Хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд дэлгэцийн бүтээл чухал гэж үзсэн.Яагаад гэвэл бид олон нийтийн телевиз.Арилжааны гэх телевизээс ялгарах онцлог нь ч энэ.

Хоёрт, кино уран бүтээл, ялангуяа телевизийн уран бүтээлийн хамгийн төвөгтэй хүнд хэцүү төрөл жанр болох олон ангит киног өөрсдийн хүч бололцоонд тулгуурлан хийж, туурвиж болно гэдгийг үлгэрлэлээ.Манай араас бусад телевиз олон ангит кино хийж эхэлсэнд талархаж байна.Гадаадын кинонуудыг аяндаа шахах бодлогын чанартай суурийг тавьсан өөрийн уран бүтээлчдээрээ бахархаж байна. Ямар ч ажил ахмадын сургаал, нөмөр нөөлөг, залуусын өвлөх ухаан дээр тогтож үргэлжилдэг.Дандаа алдар гавьяатай хүмүүс ачааны хүндийг үүрээд кино хийгээд байсан гэвэл бас тийм биш. Залуу уран бүтээлчид  маань сүүлийн үед чадавхжин суралцаж, бие даан том том бүтээлийг хариуцан ажиллаж байна.  Манай телевизийн нэгэн шинэ бүтээл одоо дэлгэцнээ гарах гэж байна. Энэ бол  “Огцом  эргэлт” нэртэй 30 ангит кино. Монголын Мянганы сорилтын сантай хамтран бүтээсэн энэ кино үзэгчдэд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг олгож байгаа юм. Залуу найруулагч Б.Гантулга, зохиолч А.Амарсайхан зэрэг манай залуу уран бүтээлчид  Монголчуудын эрүүл мэнддээ хайхрамжгүй ханддаг асуудлыг уран сайхны аргаар, сэрэмжлүүлэг болгон хийсэн.  Олон түмнийг ухааруулах, сургах, танин мэдүүлэх үүрэг бидэнд байгаа. Үзэгчдэд зүгээр нэг хайр дурлалын гурвалжин ч юм уу эсвэл муу “хадам ээж”,  “бэр”-ийн тухай нуршсан гадны соёлын бодлоготой сериал бус үндэстний өмнө тулгамдаж байгаа асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэж болох арга зам, хувь хүний хөгжил, алс хэтийг харсан бодлогыг уран бүтээлүүддээ шингээж, тусгахыг эрмэлзэн ажиллаж байна.

-Гадны гэж та түрүүн хэлсэн. Энэ тухай дэлгэрүүлбэл?

-“Босго  тотго” хэмээх түүхэн кино хийж байна. Энэхүү 60 ангит киногоор Монгол улсын дархан хилийг хамгаалж, түүхийг, хилчдийн амьдралыг харуулахаар Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллаж байна. Манай уран бүтээлчид түүхэн тулгаралтуудыг, болж байсан үйл явдлуудыг яг тухайн газарт нь очиж авч байгаагаа нь 4 улирал, 2 жилийг дамнасан маш их ажил, хөрөнгө мөнгө шаардсан том уран  бүтээлийн ард гарахаар ажиллаж байна. Үндэсний олон нийтийн телевизийн гол зорилго бол нийгэмд үйлчлэх.Энэ зорилгынхоо хүрээнд бид нийгмийн чанартай олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ.Ирэх жилүүдэд ч гэсэн мөн хэрэгжүүлнэ.Зөвхөн олон ангит уран сайхны кино бус цуврал баримтат кино ч бүтээж байна.Монголчууд бид 1911 онд тусгаар тогтнолоо зарласан.20-р зуунд болж өнгөрсөн үйл явдлын түүхэн үнэнийг 21-р зууны Монголын иргэд, залуус мэдэж байх учиртай шүү дээ. Энэ зорилгыг агуулсан “ХХ зуун 100 жил” кино групп ч мөн цуврал баримтат киногоороо Монголын түүхийн үнэт өв уламжлал,  туулсан замналыг шинэ үеийн шаардлагад нийцүүлэн хүргэхээр ажиллаж байна.

2013 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, мөн Онцгой байдлын ерөнхий газартай хамтарч кино хийх тал дээр судалгааны түвшинд явж байна.Хөдөөгийн малчид, тариаланчдын амьдрал, хүнд хэцүү цаг үед бидний төлөө гал ус, гашуун утаат түймрийг сөрөн ажилладаг онцгой байдлынхны тухай олон ангит кино бүтээнэ.

-Олны хүч оломгүй далай гэдэг. Энэ их айлыг удирдаж явна гэдэг их хариуцлага байдаг байх.Ярилцлагын төгсгөлд таны онцолж хэлэх зүйл юу вэ?

-Мэргэжлийн телевизэд мэргэжлийн уран бүтээлчид л ажилладаг. Үүнийг би дандаа мэдэрдэг.Шинэ санаа, урам зориг, бүтээлч сэтгэл бүгд бялхаж байдаг.МҮОНТ-ийнхээ нийт уран бүтээлчдэд, бидний хөлс хүч, ухааны үрээр бий болсон уран бүтээлийг үзэж чин сэтгэлийн шүүмж, магтаал сайшаалыг өгч байдаг үзэгч олондоо талархал илэрхийлье. Манай телевизийн уран бүтээлчид:

2008 онд
    “Сарны нулимс” ОАК, /13 ангит/
2009 онд
    “Хэцүү анги” ОАК, /60 ангит/
2010 онд
    “Тусгай салаа” ОАК, /60 ангит/
2011 онд
    “Өдөр өдрийн нар”, /60 ангит/
2011 онд
    “Амьдралд тавтай морил” ОАК, /80 ангит/
2012 онд
    “Амьдрал чиний төлөө”,ОАК, /64 ангит/
2012 онд
    “Огцом эргэлт” ОАК, /30 ангит/ хийж үзэгчдийн хүртээл болгожээ.
2013 онд
    “Босго тотго” 60 ангит кино бүтээж, үргэлжлүүлэн хийж байгаа гэхээр бахдах сэтгэл төрдөг.

Бид цаашдаа үндэсний хэмжээний тэргүүлэх телевизээ бататган зах зээлд өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд зарим шинэчлэлүүдийг хийхээр төлөвлөж байна.Дэвшилтэт техник технологи нэвтрүүлж, түүнтэй уялдаад уран бүтээлчдийг сургаж бэлтгэнэ.Үүнийг дагаад уран бүтээлийн мэдлэг чадвар, чансаа сайжирч, үзэгчдэд хүргэх мэдээ мэдээллийн хурд, давтамж, өнгө үзэмж ч мөн чанаржина.Дараа дараагийн шинэ уран бүтээлүүдэд дээрх өөрчлөлтүүд мэдрэгдэнэ гэж найдаж байна. Өнөөдрөөс  эхлэн үзэгчдийн хүртээл болох “Огцом эргэлт” киноны уран бүтээлчиддээ тусгайлан баяр хүргэж амжилт хүсье. Үзэгчид маань бидний ээлжит  бэлэг болгон барьж буй 7 дахь олон ангит кинонд өөр өөрсдийнхөө үнэлэлт дүгнэлтийг өгнө байх. Бид богино хугацаанд үзэгчдийн зүгээс хүсэн хүлээсэн Монголын олон ангит кинонуудыг бүтээж хүргэлээ.Нийгмийн олон чухал асуудал шийдсэн нэвтрүүлэг /контент/, төсөл хөтөлбөрүүд МҮОНТ-д амжилттай хэрэгжиж байгаа.Тэнгис далайг том хөлөг онгоц л туулдаг.

-Та бүгдийн цаашдын уран бүтээлд амжилт хүсэе.

Сэтгүүлч: Л.МӨНХЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж