Зарим шатахуун түгээх станцууд өнөөдөр ДТ, АИ-92, АИ-95 шатахуунаа худалдаанд гаргасангүй. Тухайлбал, “Петровис”, “Сод Монгол” ХХК-иуд өнөөдөр шатахуунаа худалдаагүй бол зарим шатахуун түгээх станцуудад жолооч нар урт дараалал үүсгээд байна. Энэ талаар “Петровис” ХХК-иас тодруулахад, “Нөөцгүй болсон. ОХУ-аас өндөр үнэтэй ирж байгаа шатахууныг авбал өмнөх сарынх шигээ алдагдалтай ажиллах болж байгаа учраас өндөр үнэтэй шатахууныг аваагүй байгаа. Тиймээс худалдаанд гаргах нөөц шатахуунгүй болсон” гэсэн тайлбар өглөө. Харин “Сод Монгол” ХХК-ийн хувьд АИ92 бензинийг зөвхөн картаар олгож байна.
Өнгөрсөн 10 дугаар сард “Роснефть”-иэс Монголд нийлүүлсэн АИ-92 шатахууны үнэ тонн тутамдаа 44 ам.доллараар, харин энэ сард тонн тутамдаа 49 ам.доллараар нэмэгдэж ирсэн учраас шатахуун импортлогч компаниуд үнээ нэмэх саналтай байгаа юм. Харин салбарын байгууллагууд, Уул уурхайн яамны зүгээс “Шатахууны үнийг нэмүүлэхгүй” гэсэн байр суурьтай хэвээр байна.
У.БОЛОР