Ерөнхийлөгч Тайландын Ерөнхий сайдтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Тайландын Ерөнхий сайдтай уулзлаа

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын хуралдааны завсарлагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тайландын Вант Улсын Ерөнхий сайд хатагтай Й.Чинаваттай уулзав.

-Манай хоёр орон уламжлалт сайн харилцаатай. Өнгөрсөн жил Монголын эдийн засгийн өсөлт өндөр байлаа. Гэхдээ уул уурхай гол үүрэг гүйцэтгэсэн. Монгол том газар нутагтай. Төмөр зам, авто зам тавих гээд хамтран ажиллах өргөн боломж байна. Бид танай оронтой тогтоосон харилцаа, хамтын ажиллагаагаа өндөр үнэлдэг. Энэ харилцаанд Тайландын гүнж Маха Чакри Сиринхорн хоёр удаа айлчилж, их хувь нэмэр оруулсан бөгөөд хөтөлбөр хэрэгжүүлэн санхүүжүүлж байгааг дурдахад таатай байна.
 
Ардчилсан нэг үнэт зүйлтэй, парламентын засаглалтай манай хоёр орны хувьд өндөр хэмжээнд харилцан айлчилж, туршлагаа хуваалцаж байх нь чухал юм. Ирэх жил болох АОХН-ийн сайд нарын бага хуралд өндөр хэмжээний төлөөлөгч ирүүлэхийг урьж байна. Мөн Ерөнхий сайд таныг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урьж байна. Өмнө өгсөн урилгаа үүгээр дахин нотолж байгаа юм.
 
Хоёр орны хооронд шууд нислэгтэй болохыг сонирхож байна. Ингэвэл Аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж нээгдэнэ. Тайланд бол АСЕАН, АПЕК-ийн нөлөө бүхий орон. Тиймээс  Монгол Улс Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцох, АПЕК-т гишүүнээр элсэх, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох явдлыг дэмжинэ гэдэгт итгэж байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ.
 
Ерөнхий сайд хатагтай Й.Чинават хэлэхдээ “Бид уул уурхайн салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулах сонирхолтой байна. Бусад салбарт ч хамтран ажиллах боломж бий. Соёл, боловсрол, худалдаа, хөдөө аж ахуй, бизнесийн гээд олон салбарт ямар боломж байгааг сайд нараа харилцан айлчлуулж санал солилцож болно. Тантай уулзах боломж олсонд баяртай байна” гэв.
 
Мөн дээд хэмжээний уулзалтын хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц, ОХУ, Мьянмарын төр, засгийн тэргүүнүүдтэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Эх сурвалж: http://www.president.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж