Тэд Оюутолгой компани өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын гудамж талбай, хэвлэлийн хуудсаар дамжуулан Оюутолгой төслөөс хүртэх Монголчуудын ашиг 71 хувь бол хөрөнгө оруулагч тал 29 хувийг л хүртэнэ гэсэн реклам цацсаны зэрэгцээ татвар, урьдчилгаа төлбөр зэрэг хэлбэрээр нийт нэг их наяд 58 тэрбум төгрөгийг улсын төсөвт төлөөд байна хэмээн сурталчилсан нь хуудуутай болохыг онцоллоо. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн тайлбарласнаар Татварын ерөнхий газраас гаргасан дүн мэдээгээр өнөөг хүртэлх хугацаанд 143 тэрбум төгрөг, Гаальд 304 тэрбум төгрөгийг тус бүр төлсөн аж. Урьдчилгаа хэлбэрээр авсан 250 сая ам.долларыг төгрөгт оруулбал өнөөгийн ханшаар 325 тэрбум төгрөг болно. Тодруулж хэлбэл, Оюутолгой компанийн нийт мөнгө 772 тэрбум төгрөг болоод байгаа. Гэтэл нэг их наяд, 58 тэрбум төгрөгийг Монголын талд төлсөн хэмээн PR цацсан нь цаагуураа асар их зөрүүг илтгэж буй. Өөрөөр хэлбэл, сох дутаад байгаа 300 гаруй тэрбум төгрөгийг ямар замаар Монголд төвлөрүүлэв гэдэг тодорхойгүйн зэрэгцээ санхүүгийн тайлангаа өнөөг хүртэл гаргаж өгөхгүй гүрийсээр байгаа нь жудаггүй явдал гэлээ. Нөгөөтэйгүүр, Оюутолгой компанийн зардал өссөөр байгаа, дөрвөн тэрбумаар хэмжигдэж байсан зардал зургаан тэрбумд хүрсэн бол цаашдаа есөн тэрбумд хүрнэ гэдгээ зарласан. Тэгсэн атлаа Татварын газраас тавьсан актыг хүлээн зөвшөөрөхгүй зарга үүсгээд яваа нь зардлаа өсгөх замаар татвараас бултах боломжийг эрэлхийлж байна гэж хардахаас аргагүйд хүргэж буй. Уг нь УИХ-ын гишүүдийн хувьд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг ажил хэрэг болгох ёстой хэмээн үздэг, гагцхүү хоёр талдаа харилцан ашигтай байх зарчмыг баримтлахын зэрэгцээ Монгол Улсын хуулийг дагаж мөрдөх ёстой гэсэн байр сууриа хэвээр хадгалсаар буйгаа санууллаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Оюутолгой компани нь бусдын тархийг буруугаар угаасан рекламнаасаа буцаж эхэлсэн тухай дуулгав. Тус компанийнхан 71х29 гэсэн харьцааг бид гаргаагүй өөр байгууллага гаргасан хэмээн бултах болсны зэрэгцээ нэг их наяд 58 тэрбум төгрөг бол мөнгөн урсгалын хэмжээ гэж арай өөрөөр тайлбарлах болжээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд “Оюутолгой” компани худал реклам цацсан гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан ч тус дүүргийн шүүгч н.Буд “УИХ-ын гишүүн С.Ганбаатар та Монголын ард түмнийг нийтэд нь төлөөлөх эрхгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг нь хүлээж аваагүй. Хэдийгээр шүүхээс Оюутолгой компанийн 71х29 сурталчилгааг няцаасан шийдвэрийг гаргаж чадаагүй боловч шавь нараараа дамжуулан олж авсан тус компанийн санхүүгийн зарим тайлан нь 71х29 сурталчилгаа худал болохыг нотолсоор байгаа. Мөн Оюутолгой компанид бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн компанийн нэрсийн жагсаалтыг харахаар нэг бол гадаадын хөрөнгө оруулалттай компани, эс бөгөөс ултөрчидтэй холбогдох компаниуд гарч ирдэг. Тэр байтугай Камеруны шүдээ угаасан сойзных нь үнэ ч үүнд туссан. Тийм учраас өмнөх үндэслэлээрээ шүүхэд дахин хандана гэлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд Оюутолгой компанид Монголын талыг төлөөлөн сууж буй Удирдах зөвлөлийн гурван гишүүн эх оронч сэтгэлгээрээ хандахгүй байна. Энэ хурлыг бид биш тэд хийлгээд суух ёстой байсан. Миний бие Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаж байсан гишүүд, төрийн дээд алба болох хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүсийг гадны хөрөнгө оруулалттай энэ мэт компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгохыг 12 жилээр түдгэлзүүлдэг байх хуулийн төслийг боловсруулж байна. Улсын нууцад хамаарах асуудлыг хариуцаж мэддэг хүмүүс гадаадын компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд байх нь учир дутагдалтай байна гэж мэдэгдсэн юм.
Эрхэм гишүүд дээр дурдсан асуудлуудынхаа хүрээнд холбогдох бүхий л газарт хандахаа хэвлэлийн хурлын төгсгөлд онцоллоо. Ингэхдээ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар 71х29 сурталчилгааг хэр үнэн бодитой вэ гэдгийг тогтоох ёстой гэж байлаа.