
Энэ нүхэн гарц нийт нэг тэрбум 321 сая төгрөгийн өртгөөр бүтэж буй бөгөөд дөрвөн тал руугаа гардаг гарцтай, 6.3 м өргөн хонгилтой гэнэ. Одоогийн байдлаар нүхэн гарцын доторх шат болон будгийн ажлыг хийж байгаа юм байна. “Ингээд ер нь 10 хоногийн ажил байна” гэж ажилчид нь хэлж байсан. Дараа нь нүхэн гарцын хажуугийн дуусаагүй байгаа замыг аспальтаар хучина гэв. Ийнхүү нүхэн гарц хэзээ баригдаж дуусах талаар холбогдох албаныхнаас лавлахад, “нүхэн гарц болоогүй ээ” л гэсэн хариултыг өглөө. Ингээд ямартай ч энэ нь нийслэлийн нэгээхэн том бүтээн байгуулалт болох нь. Тэгвэл иргэдийн байр суурь ямар байна вэ? Нүхэн гарц энд байх нь хэр ашигтай вэ? Сансарын тунель орчмоор замын хөдөлгөөний ачаалал их ч явган хүний “ачаалал” их биш. Том худалдааны төв, дэлгүүр зам дагаж байрладаггүй. Ямар III, IV хорооллын зам биш. Түүгээр бол замын хоёр талаас гарах гэсэн хүмүүс, замын хөдөлгөөний ачаалал, автомашины зогсоол гээд бум бужигнасан газар. Тэнд л нүхэн гарц ашгаа өгөх байлтай. Харин сансарын тунелийн нүхэн гарц байсан байгаагүй зүгээр алхаад өнгөрчихдөг газар ийм гарц ашиглалтанд орвол шатаар нь алхаж, орж гарч цагаа алдах нь юу л бол гэж иргэд шүүмжилж байна. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр эцэс сүүлд нь хэлээд нэмэргүй ч цаашдаа аль хэсэгт юу үр ашигтай юм гэдэг дээр анхаармаар юм.