Цагаан хэрмийг зорьсон жуулчид цасанд дарагджээ

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Цагаан хэрмийг зорьсон жуулчид цасанд дарагджээ

Хятадын хойд нутгаар орсон их цасны улмаас Японы хоёр жуулчин Цагаан хэрмийн ойролцоо  цасанд дарагдаж, хөлдөж үхсэнийг аврах ажилтнууд олжээ.

Цагаан хэрмийг үзэхээр явсан Японы гурван жуулчны хоёр нь нас барж,  нэг нь цасанд дарагдсан үхлүүт байхад нь аврах ажилтнууд олсон гэнэ. Амьд үлдсэн 76 настай жуулчныг аврах ажилтнууд Хятадын Хэбэй мужийн хойд хэсэг дэх Цагаан хэрмийн ойролцоох цастай уулнаас олж, амийг нь аварчээ. Аврах ажилтнууд мөн өөр нэг япон жуулчин,  хятад хөтөч хоёрыг яаралтай эмнэлэгт хүргэсэн байна.  Японы Гадаад хэргийн яам тус улсын жуулчид цасанд дарагдаж амиа алдсаныг баталсан боловч хохирогчдын ар гэрийнхэнд таниулахаас өмнө тэдний талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Жуулчид өнгөрсөн бямба гаригт  Цагаан хэрэм үзэхээр Бээжингээс гарсан байжээ. Гэвч жуулчдыг Хэбэй мужийн Хуалай ууланд хүрэхэд цас орсноос цааш явах аргагүй болж, цасанд боогдсон байна. Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч амьд гарсан хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, хохирогчдын ар гэрийнхэнд туслахаа амласан байна.

Өнгөрсөн бямба гаригт хүчтэй цасан шуурга Хятадын хойд нутаг, Хэбэй  муж, Өвөрмонгол болон Бээжин хотыг хамарчээ. Өвөл ийн эрт эхэлж, Хятадын нийслэл хотод цас их орсноос өнгөрсөн ням гаригт хоёрдугаар зэргийн онц байдал зарласан байна. Синьхуа агентлагийн мэдээлснээр өнгөрсөн бямба гаригаас ням гаригийн хооронд Бээжин хотод  бороо цас холилдон орж, цасны зузаан 5.8 см хүрчээ. Бээжинд цас хунгарлан орсноос амралтын өдрүүдэд зам хаагдаж, түгжрэл дээд цэгтээ хүрсэн гэнэ. Бээжингийн эрх баригчид их цаснаас болж, арваннэгдүгээр сар бүрийн 15-наас тавьдаг халаалтыг наашлуулахаар хэлэлцэж байгаа гэнэ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж