Криштиан Рональду: Миний өрсөлдөгч Месси биш

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Криштиан Рональду: Миний өрсөлдөгч Месси биш


Португалийн шигшээ баг болон Испанийн “Реал Мадрид” клубийн довтлогч Криштиану Роналдугийн ярилцлагыг хүргэе. Өнөө цагийн хөлбөмбөгийн өнгийг тодорхойлж буй CR7 өөрийн хүчин зүтгэдэг “Реал” болон мөнхийн өрсөлдөгч “Барселона”-гийн талаар сонирхолтой зүйлс өгүүлсэн юм. Мөн 2008 онд дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорч байсан тэрхүү мэдрэмжээ дахин амтлахыг хүсч буйгаа нуугаагүй.

-Та Мадридад аз жаргалтай байна уу?

-Би энд сайхан байна.

-Та ярилцлага өгч байхдаа жаахан ичээд байх шиг санагддаг?

-Тийм ээ. Би ичихээ болих юмсан гэж байнга боддог. Намайг сайн хүмүүс хүрээлж байхад би өөрийгөө илүү сайн мэдэрдэг.

-Испанид таныг эсрэг багийн хөгжөөн дэмжигч шүгэлдэн эсэргүүцдэг. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?

-“Чамайг атна” гэдэг үг сонсох сайхан санагдахгүй. Гэхдээ би ийм зүйлд хэдийнэ дасчээ. Хөлбөмбөг ийм л байдаг шүү дээ. Би одоо ийм зүйл бодолгүй сайн тоглож, нөхөддөө туслахыг л зорьж байна.

-Та өөрийгөө Англи, Испанийн алинд нь илүү нэр хүндтэй гэж бодож байна?

Аль алинд нь. Би хаана ч байсан өөрийн тоглолтын түвшинээ буулгахгүй тоглож чадна гэж бодож байна. Намайг Англи, Испанид үнэлдэг.

-Харин хаана илүү их доромжилдог вэ?

-Мэдээж Испанид.

-Өөрийн багийн хөгжөөн дэмжигчдийнхээ хайрыг мэдэрч байна уу?

-Мэдрэлгүй яах вэ. Намайг гудамжинд явж байхад хөгжөөн дэмжигчид машинаа зогсоож гарын үсгийг минь хүсдэг юм. Байнга ингэх хэцүү ч би боломжоороо тусалдаг. Манай хөгжөөн дэмжигчид багаа болон тоглогчдыг хайрладаг. Энэ нь бидэнд урам хайрлаж, ялах эрч хүчийг өгдөг юм.

-Хоол идэхээр гадуур гарах хэцүү байдаг уу?

-Газар бүрт олон хүн цуглардаггүй шүү дээ. Хүн цөөтэй тохирох газрыг сонгож авдаг. Гэхдээ би анхаарлын төвд байсаар дасчээ.

-Таны хувийн үзүүлэлт өнгөрсөн хоёр улиралд гайхалтай байлаа?

-Испанийн лигт тоглосон хоёр дахь улиралдаа өөртөө улам итгэлтэй болсон. “Аваргуудын лиг”, Испанийн аваргад түрүүлэхийг хүссэндээ олон гоол хийсэн юм.

-Энэ улиралд хэдэн гоол оруулна гэж бодож байна?

-Тодорхой тоо хэлж чадахгүй. Бэлтгэлээ сайн хийж, багийнхнаа ойлгож ирэх үед гоол хийх их амархан болдог. Өмнөх хоёр улирлынх шиг олон гоол хийвэл сайхан л байна

-Танд цом дутагдаж байна гэж үү?

-Тийм ээ. Бид “Аваргуудын лигт ч түрүүлэх боломжтой байсан. Харамсалтай нь нөхцөл байдал, шүүгчдийн үнэлэмж тохирсонгүй. Олон тэмцээнд алдаатай зүйл болсон. Гэхдээ би энэ талаар яримааргүй байна.

-Шүүгчид “Реал”-ыг огтхон хүндлэхээ больжээ?

-Ийм асуулт тавих хэрэгтэй, үгүйг сайн мэдэхгүй байна. Шүүгчдэд ч гол асуудал байхгүй байх л даа. Хэрвээ би өөрийнхөө бодож байгааг үргэлж яриад явах юм бол намайг зүгээр л алчих байх.

-Португалийн шигшээ баг “Реал”-ын дасгалжуулагч хоёрын аль нэгийг нь сонго гэвэл?

-Та нар чинь яасан хэцүү улс вэ. Хоёулаа.

-“Онцгой нэгэн”-ий тyxaй юу хэлэх вэ?

-Би Жозе Моуриньог тогтлолтын тактикаараа дэлхийн хамгийн шилдэг дасгалжуулагч гэж боддог. Тэр “Реал”-д ирсэн нь маш том алхам. Би түүнийг яагаад шилдэг гэж байна вэ гэхээр тэр олон лигт өөрийнхөө чадвараар гайхагдсан. Моуриньог Португали, Англи, Итали, Испанид шилдэг гэдгийг батална. Тэр очсон газар бүртээ ялалт авчирдаг ид шидтэй. Моуриньо өөрийн дасгалжуулах чанараараа намайг гайхашруулсан шүү.

-Тэр дэлхийн шилдэг гэж үү Сэр Алекс Фергюсонээс илүү гэж үү?

-Тэд бол өөр хүмүүс. “Феррари", “Порше” хоёрыг хооронд нь харьцуулж болохгүйтэй адил. Хэн нэгэнд таалагдаж, заримд нь таалагддаггүй. Хоёулаа шилдэг санагддаг.

-Лионель Месситэй хийж буй өрсөлдөөн ямар санагдаж байна?

-Би Месситэй өрсөлдөөгүй. Миний өрсөлдөгч бол би өөрөө. Мөн бидэнтэй таарч байгаа багууд юм. Месси аугаа багт тоглодог сайн хөлбөмбөгч. Тэр надад таалагддаг. “Барселона’’-гийн түлхүүр болсон агуу тоглогчдын нэг.

-Та түүнгэй хамт тоглохыг хүсдэг үү?

-Мессиг “Барселона”-гаас мөн өөрийгөө “Реал”-аас явна гэж бодохгүй байна. Гэхдээ ирээдүйг хэн ч тааж мэдэхгүй шүү дээ. Яагаад болохгүй гэж.

-Та “Барселона”-д хэзээ ч тоглохгүй гэж үү?

-Тийм ээ. Хэзээ ч үгүй. Би өөрөө “Реал”-ыг сонгосон. Мөнгө бол хамгийн чухал нь биш. Би хоёр дахин илүүг ч олж чадна. Гэхдээ би Мадридын уур амьсгалд хэтэрхий дуртай. Энд өөрийн замналынхаа төгсгөл хүртэл ахиад 10 жил гэрээ хийсэн ч чадна.

-Та “Реал”-д замналаа дуусгахыг хүсч байна уу?

-Яагаад үгүй гэж. Хөлбөмбөгт ямар ч зүйл тохиолдож болно шүү дээ. Одоогийн байдлаар би үлдэхийг л хүсч байна.

-“Барса”-д очихыг хүсэхгүй байна гэж үү?

-Өөр олон клуб байдаг шүү дээ.

-Гэхдээ та ингэж хэлж байгаад л “Реал”-д ирсэн шүү дээ?

-Энэ баг надад бусад клубээс илүү таалагддаг.

-Таныг анхны улиралдаа ес дугаартай тоглоход хүмүүс гайхаж байсан. Та өөрөө ямар бодолтой байсан бэ?

-Би багийнхаа төлөө хэд дугаартай тоглох нь хамаагүй.

-“Манчестер Сити” танд 170 саяыг санал болгосон?

-Тийм ч муугүй байгаа биз дээ. Гэхдээ би явахгүй.

-Та энд өөрийгөө үнэлүүлж чадаж байна уу?

-Надад “Реал”-д таатай байна. Би гэрээгээ үргэлжлүүлэхийг хүсч байна. Хэрвээ надад гэрээгээ сунгах боломж олдох юм бол ахиад хэдэн жил маш таатайгаар сунгах болно.

-“Реал”-ын “Аваргуудын лиг”-ийн 10 дахь цом танаас шалтгаална гэж боддог уу?

-Үгүй ээ. Гэхдээ л би энэ цомыг авахыг маш их хүсч байна. “Реал” 10 дахь цомоо авах юм бол Мадридад том баяр болно.

-Таньд Кун Агуэро, Неймар хоёрын хэн нь илүү их таалагддаг вэ?

-“Реал”-д хэн нь тохирох вэ гэж үү. Үүнийг би шийдэхгүй шүү дээ. Тэд хоёулаа сайн тоглогч.

-Неймарын хувьд?

-Би түүний хоёр тоглолтыг л үзсэн юм байна. Тэр гайхалтай сайн байсан.

-“Барселона”-гийн шинээр тоглогчид элсүүлж буй талаар?

-Надад огт хамаагүй. Марадонатай байна уу, Круйффтай байна уу гэдэг нь.

-Таныг хууралт хийж, өсгийгөөр дамжуулалт өгөхөд өрсөлдөгч нар чинь их сандардаг шүү?

-Би тоглолтын ийм хэв маягтай гэдгээ мэднэ. Хүүхэд байхаасаа ингэж тоглодог байсан. Испанид ч гэсэн тоглолтын хэв загвараа өөрчлөхгүй ээ.

-Танай багийн мөнхийн өрсөлдөгч “Барселона” яаж тоглож байгаа нь танд таалагддаг уу?

-“Барса” бол өндөр зэрэглэлийн гайхамшигтай тоглогчид цугларсан сайн баг. Маш сайн харилдан тоглож сурсан нь тэдний амжилтын үндэс юм. Гэхдээ бид тэдэнтэй үзэлдэх болно. Улирлын төгсгөлд хэн нь хүчтэй байсныг хараарай.

-Таны хувьд 2008 он гайхалтай байсан. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорч, мөрөөдлөө биелүүлсэн шүү?

-Тэр шагналыг гардаж авсан мөч жинхэнэ гайхамшиг байсан.

-Харин энэ шагналын 2009, 2010, 2011 оны эзнээр та бус өөр хөлбөмбөгч (Лионель Месси) тодорсон. Энэ тухай юу хэлэх вэ?

-Би өөрийнхөө үүргийг сайн гүйцэтгэж байгаа. Цаашид ч ингэж тоглох тул дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр олон удаа тодорно гэж найдаж байна.

-Таны амьдралын хамгийн бараан үе юу вэ?

-Би энэ үед аавыгаа их санаж байна. Тэр намайг хөлбөмбөгт хөтлөн оруулсан юм.

-Одоо богино асуултууд тавья. Та хөлбөмбөгч болоогүй бол ямар хүн болох байсан бэ?

-Мэдэхгүй.

-Таны давуу тал?

-Би өөрийнхөө найз нөхдийн сайн найз нь.

-Сул тал?

-Ямар нэгэн юм намайг чангаавал би хэзээ ч ухардаггүй.

-Бөмбөгөнд анх удаа хүрэхдээ юу бодож байв?

-Тэгэхэд жаахан байжээ. Баяр хөөрийг мэдэрсэн.

-Дуртай хоол?

-Паэлья.

-Ундаа?

-“Кока-кола” бас ус.

-Таалагддаг хөгжим?

-Аль нь ч хамаагүй. Таалагдсанаа сонсдог.

-“Аваргуудын лиг”, Испанийн “Ла лиг” хоёрын алинд түрүүлэхийг хүсч байна?

-Хоёуланд нь.

-Max уу, загас уу?

-Max.

-Дарс, шар айраг хоёрын алийг нь илүү үздэг вэ?

-Дарс.

-Шаргал үст, хүрэн үстийн хэнийг нь сонгох вэ?

-Хүрэн үстэйг нь.

-Та инээмтгий хүн үү?

-Тийм ээ, би инээмтгий хүн.

Эх сурвалж: Өдрийн шуудан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж