УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг УИХ-ын даргад өнгөрсөн баасан гаригт хүргүүлсэн. Энэхүү хүсэлтийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хүлээж авсан байгаа.
Одоо гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан У.Хүрэлсүхийн оронд намын жагсаалтаар түүний ард бичигдээд байсан тус намын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэлийг тангараг өргүүлэх эсэх асуудлыг МАН Удирдах зөвлөл шийдвэрлэх ёстой.
Тэгвэл МАН-ын удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Д.Сарангэрэлийг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх асуудлыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлжээ. СЕХ энэ асуудлаар удахгүй хуралдаж, гишүүний тангараг өргүүлэх эсэхийг нь шийдвэрлэн, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх юм.
УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзсан тохиолдолд дараагийн гишүүн нь тангараг өргөх ёстой байдаг.
Ш.ЧИМЭГ