Владимир Путин АНУ-ыг тэр бүр магтаад байдаг хүн биш. Гэтэл тэрбээр “Russia Today” сувагт сарын өмнө ярилцлага өгөхдөө Барак Обамагийн талаар “Тэр үнэнийг эрхэмлэгч хүн, дэлхийг өөрчлөх асуудлыг үнэнээсээ хүсч байгаа” хэмээж байжээ.
Обамагийн засаглалын дөрвөн жилд Орос-Америкийн хаарилцаа сайжирсан гэж Путин үзэж байна. Түүний хэлснээр стратегийн довтолгооны зэвсгийг хязгаарлах гэрээнд 2010 онд гарын үсэг зурсан нь сайшаалтай хэрэг гэнэ. Мөн Оросыг Дэлхийн худалдааны байгуулагад элсэхэд АНУ дэмжсэн нь түүнд эерэг сэтгэгдэл төрүүлжээ. Түүнчлэн Европт пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулах асуудлаар Обаматай тохиролцоо хийж чадна гэж Путин итгэж байна. ”Миний бодлоор тэр энэ асуудлыг шийдэх хүсэлтэй” хэмээн Путин хэлжээ.
Кремль "Обамад санал өгөх байсан"
Путин Америкийн сонгуульд санал өгөх эрхтэй байсан бол Обамагийн нэрийг дугуйлах байсан хэмээн Карнеги төвийн захирал Тренин төвийн сайтдаа бичсэн байна. Кремль Обамаг л дэмжих байсан гэж тэр өгүүлжээ.
Экс ерөнхийлөгч, одоогийн Ерөнхий сайд Дмитрий Медведев ч мөн иймэрхүү зүйл хэлсэн. Тэр өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч байхдаа Обамад ямар ч байсан сайнаар ханддаг хэмээгээд, Обама сонгуульд ялна гэдэгт найдаж буйгаа илэрхийлж байжээ.
Оросуудын хувьд Обамаг дэмжиж байна. Тэдний 38 хувь нь “Обама бол АНУ-ын шилдэг ерөнхийлөгч болох хүн” гэжээ. DW Trend АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас нэг сарын өмнө оросуудын дунд явуулсан судалгааны дүнд дээрх мэдээллийг олон нийтэд цацсан байна. Олон нийтийн санаа бодлыг тандах Оросын төвийн асуулга ч иймэрхүү гарлаа. Түүгээр бол оросуудын 42 хувь нь Обамагийн төлөө гэнэ.
"Ачаалал бууруулахаас"…
Обамагийн Засаг захиргааны гол амжилтын нэг нь Оростой харилцааны “ачааллыг буулгах” санаачлага байв. Буштай харьцуулахад Обама Оросыг эрс шүүмжлэхээс татгалзаж, тэднийг дайсан биш түнш гэж нэрлэсэн билээ.
Украин, Гүрж хоёрыг НАТО-д яаралтай элсүүлэх Бушийн төлөвлөгөөг Орос шүүмжилсний дараа Обама түүнээс татгалзав. Орос хариуд нь НАТО-гийн хангамжийг нутгаараа дамжуулан Афганистанд хүргэхийг зөвшөөрсөн юм.
…хурцатмал байдал нэмэгдэх хүртэл
Ерөнхийдөө харилцааны хурцатмал байдлыг арилгах зорилготой “ачаалал буулгах” бодлого бүтээгүй гэж шинжээчдээс гадна Оросын энгийн иргэд үзэж байна. DW-Trend явуулсан олон нийтийн санал асуулгад оролцогсдын 40 хувь нь Обамагийн үеэр хоёр орны харилцааг муудсан гэв. Харилцаа сайжирсан гэж 23 хувь нь үзжээ.
Орос, АНУ хоёрын байр суурь олон улсын бодлого дээр улам бүр зөрөх боллоо. Москва НАТО-гийн Ливид явуулсан ажиллагааг шүүмжилж, Сирийн байдлын талаар гаргах гэсэн хатуу тогтоолд хориг тавьж байна.
Митт Ромни
Хоёр талын харилцаа ч илүү хурц болов. Оросын парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх АНУ-ын шүүмжлэлийг Москва хүлээн аваагүй бөгөөд оросууд Вашингтоныг ОХУ-д засаг өөрчлөх оролдлого хийж байна хэмээн сэжиглээд байгаа. Аравдугаар сарын 1-нд Орост АНУ-ын санхүүжилттэй USAID гэх олон улсын хөгжлийн агентлагын ажиллагааг хаалаа. Оросын эрх баригчид тус байгууллагыг улс орны дотоод хэрэгт оролцлоо гэж үзжээ. “Магнитскийн жагсаалт” гэх Сенатын дэмжсэн хуулийн төсөл нь Москвагийн дургүйцлийг ихээхэн төрүүлж байна. Москвагийн өмгөөлөгч Сергей Магнитскийн урьдчилан хорих төвд 2009 онд амь үрэгдсэнтэй холбоотой албан тушаалтнуудад улс орондоо орохыг хориглосон хууль нь тэр юм.
Ромнийн ялалт “сүйрэл” гэнэ үү?
Барак Обама ялсан тохиолдолд Оросын хувьд маш чухал Европын пуужингийн довтолгооноос хамгаалах системийн асуудлаар тохиролцоонд хүрнэ гэсэн найдвар байгаа. Энэ жилийн хавар Обама, Дмитрий Медведевтэй уулзахдаа "сонгуулийн дараа хандлага уян хатан болно” гэж сэм амласан байв. Тэр үг нь шууд эфирээр цацагдан нийтийн хүртээл болсон юм. Митт Ромни хожим мэдэгдэхдээ, Орост уян хатан хандах зүйл огт байхгүй гээд Оросыг “геополитикийн нэгдүгээр дайсан” гэж нэрлэжээ.
Москва эдгээр мэдэгдлийг анзаараагүй өнгөрч чадаагүй. Оросын ГХЯ тэднийг сонгуулийн сурталчилгаа хэмээн тайлбарласан. Харин шинжээчид өөр бодолтой байна. Москва дахь Канад, АНУ-ын хүрээлэнгийн захирал Сергей Рогов сануулахдаа, Ромнигийн ялалт нь Оросын харилцаанд ”сүйрлийн үр дагавартай” гэжээ. Карнегийн төвийн Дмитрий Тренин Кремлийн хувьд Ромни нь Обамаг бодвол ээдрээтэй хамтрагч болох бөгөөд түүнийг ялсан тохиолдолд өөрөөр ажиллах хэрэгтэй болно гэж хэлсэн байв. Ямар ч тохиолдолд Ромнигийн хувьд Оросын чиглэл тэргүүлэх бодлого болохгүй гэж тэр онцолжээ.