Малалаг буудсан сэжигтний эгч уучлал гуйжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Малалаг буудсан сэжигтний эгч уучлал гуйжээ

Пакистаны Цагдаагийн газраас өнгөрсөн сарын 24-ний өдөр лалын хэт даврах үзлийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн, 14 настай тэмцэгч Малала Юсуфзай охиныг буудсан хэрэгт есөн хүнийг сэжиглэн, баривчилсан билээ. Түүнчлэн цагдаа нар Малала охиныг хөнөөхөөр завдсан хэрэгт Атта Улла Хан гэгч химийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байсан 23 настай оюутныг сэжиглэн, эрэн сурвалжилж байгаа юм. Баривчлагдсан дээрх есөн хүний дунд Атта Улла Ханы гэр бүлийнхэн байсан бөгөөд тэднийг Малалаг буудсан хэрэгт гар бие оролцоогүй болохыг Цагдаагийн газраас тогтоосон билээ. Харин Малала охиныг буудсан хэргийн сэжигтэн Атта Улла Ханы эгч Рехана Халем дүүгийнхээ хийсэн хэрэгт Малала охиноос уучлал гуйсан байна. Рехана Халем “Дүүгийнхээ өмнөөс Малала охиныг буудсан хэрэгт уучлал гуйж буйг минь дэмжуулж өгнө үү?” гээд “Дүү маань гэр бүлийнхэндээ гутамшиг, ичгүүр авчирлаа. Манай гэр бүл түүний хийсэн зүйлээс болж бүх зүйлээ алдсан. Малала бидний дүү шиг жаахан охин шүү дээ. Гэтэл тэр яаж ийм тэсвэрлэшгүй зүйл хийсэн юм бол. Би гэр бүлийнхээ өмнөөс Малала охины төлөө маш их санаа зовж буйгаа илэрхийлмээр байна. Түүнийг хурдан эдгээсэй гэж хүсч байна. Малалад намайг болон гэр бүлийхнийг маань дайсан гэж битгий бодоосой гэж хэлмээр байна” гэсэн байна. Пакистаны цагдаа нар Рехана Халемийг жирэмсэн, бас дээр нь өвчтэй байсан учраас хоёр, гурав хоног байцаагаад суллажээ.  Тэрбээр гэртээ ирээд удалгүй төрж, охинтой болсон аж. Эцэст нь Рехана Халем “Хэрэв миний дүү Малалаг буудсан хэрэгт буруугүй байсан бол гэрээсээ зугтахгүй, биднийг ингэж хүнд байдалд оруулахгүй байх байсан болов уу” гэж цагдаад өгсөн мэдүүлэгтээ дурьджээ. 

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж