У.Хүрэлсүх гишүүний хүсэлтийг хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх гишүүний хүсэлтийг хүлээн авлаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хэлэлцээд хүлээн авлаа. Эл асуудалтай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй. Хуралдаанд нийт 11 гишүүн оролцсоноос 10 нь хүсэлтийг хүлээн авах нь зөв хэмээн үзэж, гар өргөлөө.

Гэхдээ энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд зарим нэг тайлбар хийв. Тэрбээр “УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг гишүүнийхээ бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг зарим хүн надтай холбон тайлбарлаж байна. УИХ-ын дарга З.Энхболд шахсанаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх яриа гарсан, тийм зүйл байхгүй. У.Хүрэлсүх гишүүн өргөдлөө өгөхөд нь би “Та пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн биеэр өргөдлөө танилцуулах уу” гэхэд “БНСУ-руу яаралтай явах шаардлага байгаа тул миний өмнөөс өгчихөөрэй” гэж хэлсэн. Тиймээс асуудлыг зөвөөр ойлгох хэрэгтэй байна” гэсэн юм. УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх өргөдөлдөө “Миний гэр бүлийн хүний биеийн байдал тааруухан байна. Тиймээс урт хугацаагаар асрах шаардлагатай тул УИХ-ын гишүүнээс чөлөөлж өгнө үү” гэжээ.

Мөн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, мөн томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Ц.Шаравдорж дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор гаргасан бөгөөд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хүсэлтийг хүлээн авлаа. Улмаар оронд нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга Б.Болдбаатарыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ.  УИХ-ын гишүүд “УИХ-ын Тамгын газрын даргаар залуу хуульч хүн ирж байгаа нь олзуурхууштай байна, сайн ажиллаарай. УИХ-ын гишүүд янз бүрийн ааштай, ажилдаа улстөрийн байр сууринаас хандалгүй зөв ажиллах ёстой” хэмээн захив.
 

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж