Бор зүрхээрээ нөхөж явна

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Бор зүрхээрээ нөхөж явна

БИОКОМБИНАТЫНХАН БОДЛОГО, ШИНЭЧЛЭЛИЙН ДУТУУГ
БОР ЗҮРХЭЭРЭЭ НӨХӨЖ ЯВНА

Шинжлэх ухааны нарийн үйлдвэрлэл учраас хэн ч сонирхохгүй, сонирхлоо ч ойлгохгүй, дээр нь онцгой объект нэрээр хаалттай оршиж ирсэн Биокомбинат хэмээх улсын үйлдвэрийн газар жил гаруйн өмнөөс олны анхаарлыг татах болсон юм. Учир нь жил гаруйн өмнө тус үйлдвэрийн захирлыг сонгон шалгаруулалтын үндсэн дээр шинээр томилсныг өмнөх удирдлагууд нь эсэргүүцэн заргалдаж, ТӨХ тухайн үедээ шийдвэрээсээ буцсан нь анхаарал татаж байлаа. Үнэндээ энэ маргаан улсдаа цорын ганц тус үйлдвэрийн технологийн хоцрогдол, хууль зөрчсөн тендер, санхүүгийн ужиг зөрчил зэргийг илчилсэн юм. Үүнээс хойш хууль, шүүхийн төдийгүй холбогдох яам, бодлого хэрэгжүүлэгчдийн анхаарлыг татах болсон Биокомбинатын үйл ажиллагаатай Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд болон газрын дарга, мэргэжилтнүүд, мөн ТӨХ-ны удирдлагууд өнгөрсөн ням гаригт танилцлаа.

Байгуулагдаад ная гаруй жил болж байгаа ч техник, технологийн хувьд олон улсын жишгээс 40-50 жилээр хоцрогдсон тус үйлдвэр Монголдоо цорын ганц биологийн үйлдвэр. Тус үйлдвэрт үйлдвэрлэсэн вакцин, биобэлдмэл чанарын болон хэрэглэгчдийн шаардлага хангаж байгаа эсэхээс хамаараад өөр сонголт хийх боломж Монгол Улсад өнөөхөндөө алга.

Тийм учраас Биокомбинатын шинэчлэлийн асуудалд төрийн зүгээс анхаарал хандуулах шаардлагатай болсныг холбогдох яамны удирдлагууд болон үйлдвэрийн мэргэжилтнүүд өнөөдөр онцолж байна.

“Бодлогын алдаагаа вакцин үйлдвэрлэгчид рүү тохох хэрэггүй”

 
Тус үйлдвэртэй холбоотойгоор хамгийн сүүлд дэгдсэн нэг асуудал гэвэл малын халдварт бруцеллёз өвчний эсрэг вакцинаас болж эх мал олноор хээл хаясан гэдэг хэл ам юм. Өнгөрсөн өвөл нийт есөн аймагт бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх  дархлаажуулалтыг явуулснаас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай зэрэг аймагт мал олноороо хээл хаясан. Энэ нь юунаас үүдсэнийг тогтоох үүднээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мал Эмнэлгийн Хүрээлэн, Малын Эмнэлгийн Эмийн Сорилт, Баталгаажуулалтын Улсын Лаборатори зэрэг байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг томилогдон ажилласан. “Бруцеллёзоос сэргийлэх вакцинжуулалтанд хамрагдсан мал хээл хаясан нь вакцины чанартай огт холбоогүй, харин урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохистой хугацаанд нь зохион байгуулаагүй, хугацаа хожимдож хийснээс үүдсэн” гэдэг нэгдсэн дүгнэлтийг хийсэн талаар Биокомбинатын ерөнхий технологич, мал эмнэлгийн ухааны доктор Б.Дуламсүрэн ярьсан юм. Өнөөдөр Биокомбинатад үйлдвэрлэж байгаа 70-аад нэр төрлийн бүтээгдэхүүнээс олон улсын референт лаборатори болох Английн Пребрайтын лабораторит шалгагдаж баталгаажсан цорын ганц вакцин нь бруцеллёзоос сэргийлэх дээрх тарилга юм байна. Бруцеллёз өвчнийг үүсгэдэг бруцелла хэмээх нян нь хээлтэй малын эхсийн холбоог сулруулдаг онцлогтой аж. Тийм болохоор бруцеллёзоос сэргийлэх вакцинжуулалтыг эх мал хээл авах үетэй нарийн уялдуулан тооцоолж байж хийх шаардлагатай байдаг гэнэ. Өнгөрсөн жилийн хувьд дархлаажуулалтын хугацааг товлохдоо мэргэжлийн бодлогын алдаа гаргаж, зарим аймагт энэ хугацааг оройтуулж вакцинжуулалтыг хийснээс мал олноор хээл хаяжээ.

Харин өнөө жилийн хувьд бруцеллёзын эсрэг вакцинжуулалтыг эрт буюу хэрэглээний зохистой хугацаанд товлож гүйцэтгэсэн ба Биокомбинат тус тарилгыг нийт 25,1 сая тун буюу өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их хэмжээгээр үйлдвэрлэсэн байна. Харин тарилгын хугацааг энэ жил эрт төлөвлөн явуулсан учраас ноднингийнх нь шиг эрсдэл гарахгүй гэж яамны мэргэжилтнүүд үзэж байгаа. Дахиад эрсдэл гарахгүй гэдэгт Биокомбинатын удирдлагууд ч найдаж байгаагаа ярьсан юм. Өнгөрсөн жилийн хувьд дархлаажуулалтаас болж мал хээл хаясны бурууг эцэс сүүлд нь вакцин үйлдвэрлэгчид рүү чихэхэд хүрсэн нь тэднийг ийн эмээхэд хүргэжээ.

Биокомбинат нь бруцеллёзоос сэргийлэх 2 нэрийн амьд вакциныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай байгуулсан гэрээнд заасан хугацаанд нь үйлдвэрлэж, зохих горимд нь хадгалж байгаад Мал эмнэлэг, үржлийн газраас 2011 оны 09 сарын 22-ны өдөр ирүүлсэн 514 тоот албан бичиг, шийдвэрийн дагуу хугацаанд нь аймгуудад бүрэн тараасан зэргийг нотлох баримтуудыг Биокомбинатын ерөнхий технологич бидэнд танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн газар “Монгол мал” хөтөлбөрийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээндээ дархлаажуулалтын бодлогыг арван жилээр төлөвлөсөн аж.Ингэхдээ дээрх хөтөлбөрийг санхүүжүүлэх Щвейцарийн хөгжлийн агентлагийн зөвлөснөөр бруцеллёзоос сэргийлэх вакциныг хэрэглэх арга болон вакцины шингэлэгчийг уламжлалт хэрэглэж ирснээс нь өөрчилжээ. Өмнө нь уламжлалт аргаар арьсан дор тарьдаг байсан бол өнгөрсөн жилээс эхлээд нүдэнд дусаах хэлбэрээр хийх болсон байна. Энэ нь байран маллагаатай нөхцөлд тохиромжтой арга байж болох ч бэлчээрийн мал аж ахуйд хэр оновчтойг хэлж мэдэх хүн алга.  Түүнчлэн тухайн вакцины шингэлэгч уусмалыг өөрчилж “Индиго кармен” хэмээх будагч бодистой шингэлэгч хэрэглэсэн байна. Шинэ санаа, шинэ зүйл нэвтрүүлж хэрэглэж болох хэдий ч, лабораторийн болон үйлдвэрлэлийн өргөн туршилт хийхгүйгээр Монгол малыг “туршилт”-д шууд оруулсан нь даан ч харамсалтай. Үүгээр үл барам тухайн будагч бодис бүхий вакцины шингэлэгчийг бэлтгэх арга, стандарт, хэрэглэх арга зэрэг техникийн бичиг баримтууд нь албан ёсны бус, холбогдох байгууллагуудаар баталгаажаагүй байсан байна.

Вакцинжуулалтын дараа мал олноор хээл хаяснаас гадна вакцинжуулсан мал төдийгүй вакцинжуулалт хийсэн мал эмнэлгийн мэргэжилтнүүдийн нүд улайж үрэвсэж, өвчилж байжээ. Үүнээс үзэхэд салхи шуурга, шороо тоостой нөхцөлд бэлчээрийн монгол малд шинэ арга тийм ч тохиромжтой биш гэдэг нь харагдсан байна. Үндэсний эрдэмтдийн санал бодлыг биш гадны санхүүжүүлэгчдийн зөвлөгөөг шууд хэрэгжүүлж байгааг вакцин үйлдвэрлэгчдийн хувьд шүүмжилж байна. Биокомбинатын хувьд өнөөдөр ашиглаж байгаа техник, технологийнхоо дагуу биобэлдмэлээ үйлдвэрлэхээс өөр боломж байхгүй. Тус үйлдвэрийн хувьд технологийн шинэчлэлийг хамгийн сүүлд 1973 онд хийснээс хойш огт салхи оруулаагүй. Бодлого тодорхойлогчид асуудлыг нэгдсэн цогц байдлаар харж чаддаггүй, асуудлыг мэргэжлийн үүднээс шинжлэх ухааны үндэслэлгүй зохион байгуулахгүйгээр аливааг төлөвлөдгийг өнгөрсөн өвлийн дархлаажуулалтын үр дагавар харуулсан. Үүндээ ч дүгнэлт хийж, энэ жилийн дархлаажуулалтыг нарийн төлөвлөсөн юм байна. Гэхдээ бодлого тодорхойлогчид өнгөрсөн өвлийн сургамжаасаа суралцахаас урьтаад Биокомбинатын өнөөгийн удирдлагыг шүүмжлэгчид хэвлэлээр худал ташаа мэдээлэл цацаж гүтгэсэнд, мөн төрийн хариуцлагатай алба сахидаг албан тушаалтан худал мэдээллийг нягтлахгүйгээр асуудалд хандаж, нийгэмд буруу ойлголт өгч байгаад тус үйлдвэрийн ерөнхий технологич Б.Дуламсүрэн харамсч байгаагаа илэрхийлж байна. Өмнө нь тус үйлдвэрийн ерөнхий технологич, цехийн удирдлагаар ажиллаж байгаад технологийн горим зөрчсөн биобэлдмэл үйлдвэрлэж хэрэглээнд гаргасан асуудлаас болж ажлаасаа халагдсан хүмүүс өнөөдрийг хүртэл заргалдсаар байгаа. Тэр тусмаа өөрсдөө ажиллаж байх хугацаандаа үйлдвэрлэсэн бруцеллёзоос сэргийлэх вакцинаа чанаргүй, хуурамч байсан, үүнээс болж мал хээл хаясан мэтээр ойлгуулж байгаад  гайхаж байгаа аж.

Өнгөрсөн жилийн бруцеллёзын вакцинжуулалтын бодлого, тактик нь нарийн нягт уялдаа холбоо, зөв төлөвлөлтгүйгээс болж мал олноор хээл хаясан явдалд төр хариуцлага хүлээх ёстой ч сонгуулийн үеэр үүнийг нуун дарагдуулж, эцэст нь вакцин үйлдвэрлэгчид рүү бурууг чихэх гэж оролдсоныг Биокомбинатын удирдлагууд бодлого тодорхойлогчдод сануулаад дахин ийм явдал гаргахгүй байхад анхаарахыг хүссэн юм.  Мөн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны удирдлагуудад уламжилсан нэг санал бол технологийн дэвшил хийхэд төрөөс дэмжлэг үзүүлэх явдал. Өнөөдөр Биокомбинат 70-аад нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаас ердөө 4.1 хувь дэвшилтэт технологид нийцсэн бүтээгдэхүүн байгаа бол 57.3 хувь нь хоцрогдсон, 10 гаруй хувь нь нэн хоцрогдсон технологитой бүтээгдэхүүн байгаа аж. Улсдаа ганц биологийн үйлдвэрийг хөгжлийн шинэ шатанд гаргахын тулд дотоод, гадаад инженерийн шугам сүлжээг иж бүрэн шинэчлэхэд төсөв хуваарилах, туршилтын жижиг амьтны цехийг Улсын туршилтын амьтны үндэсний төв болгон хөгжүүлэх, гуравдугаарт бүтээгдэхүүний технологийн шинэчлэл хийх шаардлагатай гэдгийг Биокомбинатын удирдлага бодлого тодорхойлогчдод танилцуулж дэмжлэг хүслээ. Энэ талаар цаашид анхаарч, дэмжиж ажиллахаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, ТӨХ-ны албан тушаалтнууд илэрхийлсэн юм. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан, биотехнологийн нарийн үйлдвэрлэл болох Биокомбинатад шинэчлэл хийх цаг нэгэнт болсон гэдэгтэй холбогдох хүмүүс санал нэгдлээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж