“Би нэг ч загас хилээр гаргаагүй”

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

“Би нэг ч загас хилээр гаргаагүй”

Авлигатай тэмцэх газарт /АТГ/ аймаг, дүүргийн Засаг дарга нар толгой дараалан авлига, хээл хахууль, албан тушааалаа урвуулан ашигласан хэргээр шалгагдаж байгаа. Багагүй хугацаанд шалгагдаж, мөрдөн байцаалт нь он дамжин үргэлжилж, өдгөө хэрэг нь Нийслэлийн прокурорын газар хянагдаж байгаа Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваатай ярилцлаа. 

-АТГ-аас таныг гэм буруутайд тооцож, хэргийг тань  прокурорын газарт шилжүүлээд байгаа. Прокурорын газраас таны хэргийг хянаж үзээд, үндэслэлтэй гэж үзвэл харьяаллын дагуу шүүхэд шилжүүлэх байх. Таныг яг ямар үндэслэлээр буруутган, шалгаж байгаа вэ?

-Би АТГ-т 350 сая төгрөгийн асуудлаар шалгагдаж байгаа нь үнэн. Аймгийн иргэдийн хурал, ЗДТГ-аас нилээд хатуу хэмнэлтийн болоод орлого нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж, үүний үр дүнд 2009 онд манай аймаг анх удаа 780 сая төгрөгийн давсан орлоготой гарсан юм. Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар дээрхи мөнгөнөөс 350 сая төгрөгийг ЖДҮ-ийг дэмжих сан байгуулж, түүнд зориулах санал гарсан юм. Гэтэл Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн /ИТХТ/ хуралдаанаар дээрхи мөнгийг “Баруун Монгол интернэшнл” ХХК-д таван жилийн хугацаатайгаар хүүгүй зээлүүлснээс болоод өнөөдөр би буруутан болж, шалгагдаж байгаа юм.

-Та ямар учраас тэр компанид удаан хугацаагаар, хүүгүй мөнгө зээлэх шийдвэр гаргасан бэ?

-Энэ бол миний гаргасан шийдвэр биш. Надад мэдэгдэлгүйгээр аймгийн ИТХТ ийм шийдвэр гаргасан байсан. Би энэ мөнгийг ЖДҮ-ийг дэмжихэд ашиглах тухай тогтоол гаргаад байтал ИТХТ-ийн хуралдаанаар энэ тогтоолыг надад мэдэгдэлгүйгээр өөрчилж, “Баруун Монгол интернэшнл” ХХК-ийн шинээр баригдах  мах боловсруулах үйлдвэрийг барьцаалан, тав хүртэлх жилийн хугацаатай хүүгүй зээлийн гэрээ байгуулж ажиллахыг үүрэг болгосон байсан. Би энэ шийдвэрт хориг тавих гэсэн боловч надад хугацаа хэтрүүлэн танилцуулсан тул ямар ч арга байгаагүй.

-ИТХ-ын энэ асуудлыг бие дааж асуудлыг шийдэх боломжтой юу?

-Болно. Бие даан асуудлыг шийдвэрлэх бүхэн эрхтэй.

-Тэр мах боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон уу, одоо?

-Харамсалтай нь, тэр компани төсвийн мөнгийг хүүгүй зээлж авсан мөртлөө одоо болтол үйлдвэрээ бариагүй, ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлд ямар нэгэн ажил хийгээгүй. Гэрээнд зааснаар мах боловсруулах үйлдвэр  өнгөрсөн 2011 оны наймдугаар сард ашиглалтад орох байсан. Бид энэ мөнгийг буцаан гаргуулах талаар удаа дараа нэхэмжлэл явуулсан. Гэтэл үүнд хариуцлага тооцох хүн алга байна. Харин энэ сарын 10-нд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас дээрхи 350 сая төгрөгийг ирэх арваннэгдүгээр сарын 15-ны дотор аймгийн төсвийн орлогод шилжүүлэх акт гарсан байгаа. Би АТГ-т байцаалт, мэдүүлэг өгөхдөө энэ байгууллагын талаар удаа дараа мэдэгдэж байсан. Одоо прокурорын байгууллага хэргийг хянаж үзээд намайг буруугүй болохыг тогтооно гэдэгт итгэлтэй байна.

-Өнгөрсөн зун АТГ-ын мөрдөн байцаагчид Ховд аймагт очиж ажиллахдаа таныг шалгагдаж байгаа хэрэгт буруутай гэсэн дүгнэлт гаргаад ирсэн гэж үнэн үү?

-АТГ-ын ажилчид манай аймагт ажилласан нь үнэн. Гэхдээ өнгөрсөн тавдугаар сард АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбатаас надад албан бичиг ирүүлсэн. Ямар бичиг байсан гэхээр мөрдөн шалгалтын явцад би дээрхи хэрэгт ямар ч буруугүй учир мөрдөн байцаалт зогслоо гэсэн юм. Гэтэл сонгуультай холбоотойгоор ч юм уу, гэнэт л намайг дахиж шалгаад эхэлсэн.

-Ер нь АТГ-т Засаг дарга нар ээлж дараалан шалгуулж байна. Энэ талаар та юу гэж боддог вэ?

-Хууль хяналтын байгууллага шаардлагатай гэж үзвэл шалгалгүй яахав. Хамгийн гол нь гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шалгаж байна гэж нийтэд ил, тод зарлаж байгаа нь нэр хүндийг сэвтээж байгаа юм.

-Хэрэв таныг гэм буруутайд тооцвол танд хуулийн дагуу ямар шийтгэл оногдох вэ? 

-Би буруугүй нь үнэ тул ял, шийтгэлийн талаар огт судлаагүй. 

-“Баруун Монгол Интернэшнл” компанийн холбогдох хүмүүсийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юу?

-Сайн мэдэхгүй байна. Ямартай ч тэднийг буруутгахгүй гэх мэдээлэл бол байгаа.

-Таныг бас их хэмжээний загас хилээр гаргасан хэрэгт буруутгаж байгаа гэж сонссон?

-Аймгийн төвийг иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгоход санхүүгийн эх үүсвэр байгаагүй тул Үрэмч хотын улсын компанитай гэрээ хийхээр ярилцаж байсан.  Тэр байгууллагаас “Тодорхой хэмжээний засаг олгооч. Тэгвэл үнийг нь буулгая” гэсэн санал манайд ирүүлсэн юм. Хоёр тал эцэслэн шийдвэрлэсэн асуудал бус, зөвхөн харилцагч байгууллагын тавьсан санал байсан. Энэ тухай холбогдох байгууллагаас зөвшөөрөл хүссэн боловч зөвшөөрөөгүй тул  гэрээг эцэслэн тохироогүй юм. Тиймээс энэ хэрэгт намайг буруутгах ямар ч үндэслэл байхгүй.
 
-Гэрэлтүүлгийн мөнгөнд “нэг ч загас оролцоогүй” гэж ойлгож болох уу?

-Болно. Бүх хөрөнгийг аймгийн төсвөөс гаргасан.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж