
Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр, “Тэнгис” кино театрын урд баригдаж байсан барилга дээрээс төмөр унаж, хүний амь нас эрсэдсэн ноцтой осол өнгөрөгч есдүгээр сарын 18-ны өдөр гарсан. Энэ ослын дараа холбогдох хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаад хэргийг нийслэлийн Прокурорын газраас АТГ-т үргэлжлүүлэн шалгахаар шилжүүлжээ. Учир нь энэ хэрэгт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын нэр бүхий албан тушаалтнууд шалгагдаж байгаа учраас АТГ-т шалгах шаардлага гарсан байна. Хэрэгт холбогдуулан тус барилгын гүйцэтгэгч компанийн ажилтан н.Батбилэг, н.Оюунгэрэл нарыг эрүүгийн хуулийн 138.2-т зааснаар буюу хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч н.Цэнгэл, тус газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга н.Мөнхжаргал нарыг ч эрүүгийн хуулийн 272-т зааснаар буюу албан тушаалдаа хайнга хандсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. АТГ-т хэргийг шалгах явцад хэргийн зүйлчлэл өөрчлөгдөж магадгүй хэмээ эх сурвалж хэллээ.
С.ОТГОН