Кикбокс, каратэгийн улсын хошой аварга Д.Бямбадорж шидокан каратэгийн “Strong open shidokan karate” тэмцээний full contact-ын төрөлд хошой аварга боллоо. Японы нийслэл Токио хотноо арваннэгдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд болсон тус тэмцээн -65, -75, +75 гэсэн жингийн ангиллаар явагдаж, 31 орны 110 тамирчин өрсөлдсөн байна. Манай тамирчин -75 кг-ын жинд өрсөлдөж, таван тулаан хийхдээ хоёрт нь өрсөлдөгчөө цэвэр ялж, гурвыг нь онооны давуугаар буулгажээ.
Д.Бямбадорж бол Япон улсын каратэгийн аварга, Азийн аварга, 2004 оны “Дэлхийн цом”-ын аварга, Мутай боксын Тайландын эзэн хааны цомын аварга гээд тулааны спортоор тив, дэлхийн тавцанд өндөр амжилт гаргаж байсан шилдэг тулаанч юм. Тэрбээр мөн өнгөрсөн жил тус тэмцээний full contact karate-гийн төрөлд аваргалж, тэмцээний шилдэг тоглогч болж байв.
Д.Бямбадоржийн хувьд ирэх гуравдугаар сард болох Олон улсын олимпийн каратэгийн холбооны ДАШТ-д оролцох төлөвлөгөөтэй байгаа аж.
Б.МАРАЛ