Дорнодын удирдлагууд тулгамдсан асуудлаа уламжлав

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Дорнодын удирдлагууд тулгамдсан асуудлаа уламжлав

Томилолтынхоо хүрээнд Засгийн газрын тэргүүн Дорнод аймгийн удирдлагуудтай уулзаж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцлаа. Хэд хэдэн чухал асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа талаараа аймгийн удирдлагууд Ерөнхий сайд Н.Алтанхуягт танилцуулсан юм. Халхгол сум БНХАУ-аас өндөр үнэтэй эрчим хүч импортлон авч, үнийн зөрүүг улсын төсвийн татаасаар олгож байгаа. Цахилгааны шугамд гэмтэл гарах, засвар үйлчилгээ хийхэд хугацаа алдах, үл ойлголцох асуудал хүндрэл учруулдгийг Дорнод аймгийнхан учирлаж байв. Энэ байдлаас гарахын тулд Тамсагаас Халхгол сум хүртэл 180 км, 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барихаар төлөвлөж, зураг төслийн болон барилгын ажлыг эхлүүлэх санхүүжилтийг 2013 онд улсын төсвөөс шийдвэрлэх хүсэлтийг тэд тавьсан юм. Хоёрдугаарт, аймгийн “Дорнод нийтийн аж ахуй” ХХК-нд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн Орон нутгийн хотуудын нийтийн аж ахуйг сайжруулах төслийн 3,3 тэрбум төгрөгийг орон нутагт чиглэсэн хөрөнгө оруулалт болгон зээлээс чөлөөлүүлэх хүсэлтийг Дорнод аймгийн удирдлага Засгийн газрын тэргүүнд уламжлав. Гуравдугаарт, сүүлийн жилүүдэд Чойбалсан хотын гэр хороолол тэлж, орон сууцны хорооллууд их баригдаж байгаа нь хотын цэвэр бохир усны инженерийн шугам сүлжээг шинэчлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Иймд хотын цэвэр бохир усны шугам хоолойг өргөтгөх зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэх, мөн одоо ашиглагдаж байгаа 1969 онд баригдсан цэвэрлэх байгууламжид технологийн өөрчлөлт хийх, хотын цэвэр ус ариутгах хлоржуулах байгууламжид ус ариутгах шинэ технологи нэвтрүүлэх, төмөргүйжүүлэх байгууламжийн технологийн шинэчлэлийн хөрөнгийг улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэж өгөхийг хүслээ. Эдгээр асуудлын заримаар газар дээр нь хариулт өгч, хөрөнгө оруулалтын томоохон саналуудыг судлан үзээд эргэн тодорхой хариу өгөхөө Ерөнхий сайд мэдэгдлээгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж