
Орон
нутгийн сонгууль болоход хагас сар үлдэж, нэр дэвшигчид өнөөдрөөс
үнэмлэхээ гардан сурталчилгааныхаа ажилд мордох гэж буй ч мэр сэр газар
маргаан, бужигнаан үүсээд байна.
Тухайлбал, Хөвсгөлийн сонгууль
нэлээд бужигнаантай байх нь. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоныхны
сонгуулийн эрх Орон нутгийн сонгуулиар зөрчигдөж байгаа талаар хэд
хоногийн өмнө Хатгал тосгоны иргэдийн төлөөлөл нийслэлд ирж мэдээлэл
хийсэн юм.
Тус тосгоны иргэн Ш.Дүүжий, Б.Баасанжав, Б.Батбилгүүн
нарын ярьснаар Хатгал тосгон нь Алаг-Эрдэнэ сумын харьяанд байдаг. Орон
нутгийн сонгуулийн хуулиар сум, багуудаас ИТХ-ын төлөөлөгчид тодорно.
Харин тосгон гэсэн нэгжийг заагаагүй тул орон нутагт төлөөллийн эрхгүй
хоцорч байгаа аж. Хатгал тосгон 850 гаруй өрх, 4000 шахам хүн амтай,
үүнээс сонгуулийн насны 2000 гаруй иргэнтэй.
Хатгал тосгон1992
он хүртэл хотын статустай 10 мянган хүн амтай, Монголын аж үйлдвэрийн
анхны төвүүдийн нэг, усан боомт байсан юм. Тус тосгоны дунд сургууль
1923 онд байгуулагдсан, 1905 оноос орос худалдаачид усан замаар тээвэр
хийж байсан, 1933 оноос анхны үйлдвэр болох ноос угаах үйлдвэр ажиллаж
эхэлсэн түүхтэй газар юм. Одоо аялал жуулчлал ид хөгжиж буй, хэтийн
ирээдүй нь сайнаар төсөөлөгдөж байгаа томхон тосгоны орон нутгийн
төлөөллийн эрх зөрчигдсөн тул тосгоны иргэд УИХ-д хандаж сум болох
хүсэлт тавихаар болоод буй.
Үүнтэй зэрэгцээд Хөвсгөл аймгийн АН,
МАХН, МҮАН, ИЗНН-ынхан аймгийнхаа сонгуулийн хороог ажил тааруу гэсэн
шалтгаанаар татан буулгах саналыг мөн дэвшүүлээд байна.