Тэрбээр энэ үеэр Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Маррэй Маккалитай хүсэлтийнх нь дагуу уулзаж, хоёр талын болон НҮБ дэх хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр хоёр сайд гадаад бодлого, эдийн засгийн байдлыг харилцан танилцуулсан бөгөөд Шинэ Зеландын тал хоёр улсын аль алиных нь эдийн засагт чухал байр суурь эзэлдэг хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах нөөц бололцоо их байгааг тэмдэглэв.
Уулзалтын үеэр сайд М.Маккали Гадаад харилцааны сайд Л.Болдыг Шинэ Зеландад айлчлахыг урив. Сайд Л.Болд Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийг удирдаж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, 2013 оны 4 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотноо болох АОХН-ийн Сайд нарын уулзалтад Шинэ Зеландын Гадаад хэргийн сайдыг оролцохыг урив.
Мөн өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд Сингапурын Гадаад хэргийн төрийн сайд бөгөөд Байгаль орчин, усны нөөцийн асуудал эрхэлсэн төрийн сайд хатагтай Грейс Фү-тэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцож ярилцав. Сайд Л.Болд хоёр талын хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах санал тавьж, Сингапурын Ерөнхий сайд Монгол Улсад айлчлахаар урьсныг нотлов.
Уулзалтын үеэр сайд Л.Болд Сингапурын зүгээс манай улсад техникийн тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлж, тэтгэлэгт сургалтын тоог нэмэх боломжийг авч үзэхийг хүсэв. Түүнчлэн манай улс Азийн бүс нутгийн улс төр, эдийн засгийн интеграцид оновчтой оролцох бодлого баримталж, энэ хүрээнд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа /АПЕК/-т гишүүнээр элсэх, мөн Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох хүсэлтэй байгааг нотолж, энэ чиглэлд Сингапурын талаас дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Сингапурын Гадаад хэргийн төрийн сайд Г.Фу манай холбогдох яамдын төлөөлөгчдийг тус улсын бага, дунд сургууль болон мэргэжлийн боловсролын тогтолцоотой танилцахыг урив гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.