Засгийн газар нэгдсэн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олголоо. Ингэснээр танай компанийн эхлүүлээд байсан Ухаа Худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажлыг зогсоолоо гэж ойлгож болох уу? Шийдвэрийг танай компани хэрхэн хүлээж авч байгаа вэ?
Төрийн зүгээс төмөр замын дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаад бид талархаж байна. Нэгэнт төмөр замын хөрөнгө, санхүүжилтийг төр хариуцаж, эрхийг өөр дээрээ авах шийдвэр гаргасан учраас төрийн шийдвэрийг бид дагана. Ер нь төмөр замын шинэ сүлжээ барьж байгуулах ажил дөнгөж сая яригдаад эхэлчихээгүй зүйл. Манай компанийн хувьд 2008 оноос эхлэн төмөр замын төслийн тооцоо, судалгааг дотоод гадаадын мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж, Германы Төмөр Замын Нэгдэлтэй хамтран ТЭЗҮ-г боловсруулсан бөгөөд тухайн төмөр замыг ашиглах, үйл ажиллагааг олон улсын түвшинд явуулах гэрээ байгуулаад, Азийн Хөгжлийн Банк гэх мэт олон улсын банк санхүүгийн байгуулагуудтай тус төслийн санхүүжилтийн талаар сүүлийн 4 гаруй жилийн турш ажиллаж, маш их хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсан юм. Ингээд 2012 оны хавраас төмөр замын барилгын бэлтгэл ажил хангагдаж, газар шорооны ажлууд хийгдэж эхэлсэн. Концессийн буюу барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй гэрээний дагуу 250 гаруй км төмөр замыг манай компани өөрөө хөрөнгө гаргаж бариад, 19 жилийн дараа төрд шилжүүлж өгөхөөр байсан.
Хийгдээд эхэлсэн барилгын ажлуудыг зогсоохгүйгээр төрийн санхүүжилтээр үргэлжлүүлж, төмөр замыг аль болох хурдан хугацаанд ашиглалтад оруулна гэж бид ойлгож байгаа. Монголын эрдэс баялгийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад гол зах зээлүүдтэйгээ төмөр замаар холбогдох нь зайлшгүй чухал. Төмөр зам хэр хурдан ашиглалтад орно, тэр хэрээр Монголын уул уурхайн бүтээгдэхүүний үнэ цэнэ өсч, байгаль орчны сөрөг нөлөө буурч, улс орон, хүн ардад ашиг нь ирнэ. Эхний ээлжинд бид хөрөнгө оруулалт хийж авто зам барьсан. Илүү төгс хувилбар гэдэг утгаар нь төмөр замд ч хөрөнгө оруулья, дэд бүтцийн чухал бүтээн байгуулалтад нэгдье гэж бид энэ ажлыг эхлүүлээд байсан. Ер нь хэн хөрөнгө оруулалт хийх нь чухал биш, гол нь үр дүнд нь төмөр зам хурдан баригдах нь чухал гэж бодож байна. Засгийн газрын шийдвэр ч гэсэн ийм л агуулгатай гарлаа гэж ойлгож байгаа.