Олимпийн наадмын түүхэнд 100 болон 200 метрийн гүйлтийн төрөлд ноёлсон анхны хүн болох Усаин Болт өнгөрсөн зуны Лондонгийн олимпод 100 метр, 200 метр, 4х100 метрийн буухиа гүйлтийн төрөлд алтан медаль авсан билээ. Түүнийг Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос оны шилдэг тамирчны шагналд нэрийг нь дэвшүүлсэн байна. Түүний араас 110 метрийн халхалттай гүйлтийн төрөлд олимпийн наадамд түрүүлсэн АНУ-ын гүйгч Ариес Меритт, мөн Кенийн холын зайн гүйгч, Лондонгийн олимпийн аварга Дэвид Рушида нар нэр дэвшжээ.
Мэргэжилтнүүд Их Британийн нэрийн өмнөөс олимпод оролцож 5000 метр болон 10 мянган метрийн төрөлд алтан медаль хүртсэн Мо Фараг нэр дэвшинэ гэж таамаглаж байсан ч түүнийг нэр дэвшүүлээгүй байна. Усаин Болт дэлхийн рекордыг эзэмшдэг бөгөөд Бээжин болон Лондонгийн олимпиос нийт зургаан алтан медаль хүртээд байгаа юм.
Олон улсын хөнгөн атлетикийн холбооны шилдэг тамирчин шалгаруулах ёслол ирэх 24-ний өдөр Испанийн Барселон хотод болох ажээ.
Б.СҮХ