Хэн хүчтэй нь газрын зөвшөөрөл авдаг уу?

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Хэн хүчтэй нь газрын зөвшөөрөл авдаг уу?

Алтны ченжүүд хэмээх бүхэл бүтэн давхарга болсон хүмүүсийн дунд ийм нэгэн яриа байдаг. Хэн нэгэн нь алт ухаж яваад шороонд даруулж нас барлаа гэхэд тэр хавиас нь заавал “бух” /хумсны толион чинээ алт/ олддог гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэгэн нь шороонд дарагдаж амиа алдаж байхад түүний дороос алт олдоно гэж горилсон дараагийн “эгнээ”-нийхэн дайран ордог гэсэн үг. Сонсоход итгэмгүй ч энэ бол ченжүүдийн хачирхан гайхдаггүй бичигдээгүй хууль. Ченжүүдийн гэж хараагдсан армийнхны амьдралын дүр зургийг шууд шулуухан, аймшигтайгаар илэрхийлэх жишээг энд дурдахын учир гэвэл бас “хараагдсан” салбарынхан болох барилгынханд “Осолгүй барилга үгүй”  гэсэн бас нэг бичигдээгүй хууль байдаг гэнэ. Үүнийг анх сонсоод цочирдох ахул өмнөөс чинь “Угаасаа барилга болгон дээр л хуруугаа няц даруулахаас эхлээд осол байнга гарна ш дээ. Том барилга бол амины гарзгүй байна гэж үгүй дээ” гэх аймшигтай тайлбар дагалдаж байна, өмнө нь тэр болгон зарлаад байдаггүй, нуучихсан л байдаг хэрэг. Эцэс сүүлдээ барилгын осол барилгынхны төдийгүй гудамжаар гэмгүй алхаж явсан хүмүүсийн амийг залгих болов.

Кранд дарагдаж амиа алдагсдын ар гэрийнхний нулимс дуслан байх энэ өдрүүдэд дахиад хэдэн айл хэзээ дээрээс нь кран нурж орж ирэх бол гэж айн түгшиж сууна. Өчигдөрхөн л гэхэд Eagle news TV-ийн “Сэдэв 360” нэвтрүүлгээр Сүхбаатар дүүргийн иргэд хажуу талынхаа барилгын кран хэзээ нурж ирэх бол гэж байнгын айдастай байдгаа ярьж байна.

Манайдаа л томдоо орох барилгын “Цаст констракшн”-ын таван жилийн турш маргаан дагуулсан барилгын кран нь өмнө “хэлтийж” хажуу байрны айлын цонхыг хагалчихаж л байсан. Ямар ч хажуу хөршийнхөө газар руу шургалан, хууль шүүхээр маргаан дэгдээгээд байхад бариад эхэлчихсэн энэ барилгын хөрш болох оршин суугчид “Кран нь нурах юм бол яг л манай байшинг дайрах юм байна даа” гэж харж суух “тавилан”-тайгаа эвлэрчээ. Тэд хэзээ ч дээрээс нь барилгын төмөр юм уу, кран нураад ирэхийг аюултайг сэрэмжлүүлэн, байнга айн түгшиж явдаг гэсэн.

Бөөр бөөрөө налан, бөгс эргэх зайгүй шахам өрсөн “ургаж” байгаа олон барилгуудын нэг нь энэ. Уг нь эднийх гаднаа зогсоол, хүүхдийн тоглоомын талбайтай орон сууц барина хэмээн зураг төслөө хийн, зөвшөөрлөө авчихаад цаг дээрээ тулахаар хананаас хана гэдэг шиг өөрийнхөө зөвшөөрлийн талбайдаа тулгаад, бүр бусдын эзэмшил руу шургасан барилга барихаар зүтгэчихсэн. Хэдийгээр “хөрш”-үүд нь эсэргүүцэл илэрхийлэн, шүүх хуулийн байгууллагуудад хандсан ч шөнө дөлөөр нууцаар барилгаа барьж л байдаг. Одоо харин “хөрш”-үүд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болоод байгаа нь энэ. Зөвшөөрөл авсан “талбай” гэнэт ид шидийн хүчээр сунаад томорчихсон, орон сууцны барилгаа анхны гаргасан зураг төслөөрөө бас л шидийн хүчээр томруулаад барьж байгаа, яагаад зураг төслөөсөө гажсан барилгад хяналт тавих ёстой байгууллага нь нүдэн балай чихэн дүлий мэт байна вэ, хөршүүд оршин суугчид нь гомдол гаргаад байхад яагаад шүүх хуулийнхан тоомсорлохгүй байна вэ гээд тоочих юм бол энд элдэв “но” их. Ерөөсөө л хэн хүчтэй нь газрын зөвшөөрөл авдаг, “сарвайсан” газар болгондоо зураг төслийг ч эс хайхран аль болох том барилга барих гэдэг нь өнөөдрийн Монголын тогтсон жишиг болсон гэдгийн л нэг жишээ. Яг л алтны төлөө үхэлдэн тэмцэлдэж байсан Америкийн эмгэнэл шиг, нийслэлийн алга дарам газар болгон хэрүүл тэмцлийн, дураар авирлалтын талбар болоод байгаа гэхэд хэтийдэхгүй. Түүнийг нь тоож тоомсорлож, анхаарч арга хэмжээ авч байгаа ч эзэн алга.

Магадгүй барилгын салбарын чөтгөр авсан энэ их ээдрээ будилаантай хэрэг, цэгцэрч өгдөггүй маргаан энд тэндгүй замбараагүй байдлыг хэлсээр ярьсаар залхмаар ч санагдаж болох юм, зарим нэгэнд. Гэвч энэ бол хүний амиар хэмжигдэх, аль хэдийнэ хэчнээн олон хүний амь насыг авч одсон аймшиг болсон учраас ярихгүй, хэлэхгүй, болгоомжлохгүй байхын аргагүй буй за. Өнөөдөр ч гэсэн хэн нэгний охин хичээлээсээ тараад гүйж яваад кран дайрагдаж, хэн нэгний магадгүй таны толгой дээр барилгын төмөр хийсч ирээд амийг чинь аваад явчихаж магадгүй гэдэгтээ та ч санал нийлж байгаа байх. Энэ бүх аймшиг нинжа нарын “нураагийн дор алт” хэмээх хиртхийм “хууль”-тай л адилхан байгаа биз дээ.

Энэ бүхэнд тэгээд хэн буруутай юм бэ? Та бүхнээс дахиад нэг асууя

…Сантиметрийн ч зайгүй шахам бие биеийг нь дэрлүүлэн, заримд нь бүр давхардуулан газар олгосон газрын алба, хотын захиргааныхан уу,

…Гаднаа хүүхдийн талбай, автомашины зогсоолтой барилга барих мөрөөдлийн зураг үзүүлж, зөвшөөрлөө авчихаад, нийт талбайнхаа эцсийн “санж”-ийг тултал, бүр бусдын газар руу ч цөмлөн ороод барилга барьчихдаг барилгын компаниуд уу,

…Батласан зургийнх нь дагуу барилгаа барьж байгаа эсэхийг хянадаггүй, хэтрүүлээд барьчихаад хэрүүл зарга үүсээд байхад ч хайхарч үздэггүй албаныхан уу,

…Эсвэл амьд явах эрхээ хамгаалах гэж анхааруулж сануулж байгаа иргэд үү?
 

А.АНУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж