Албаа сайн дураараа өгдөг моод

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Албаа сайн дураараа өгдөг моод

Нэг хэсэг манай сайд, дарга нар зөөлөн сэнтийд залраад авбал нэг насаараа түүнээсээ салахгүй юм шиг аашилдаг байлаа. Ажлаа хийж чадахгүй байж огцруулах гэхээр суудлаасаа буухгүй гээд чардайдаг байв шүү. Тамга тэмдгээ хүлээлгэж өгөхгүй цүнхэлж дүрвэнэ. Энд тэнд нууна. Тамгаа хураалгасан ч гандан буурахгүй ээ, хувилуулж аваад шинэ томилогдсон даргатай эн тэнцүү бичиг сачиг үйлдэж, нөгөөхөө дарж мутрын үсгээ үлдээнэ. Жинхэнэ Дамбийжаагийн хажуугаар хуурамч Дамбийжаа тодорч, зарим газар хоёр дарга, хос тамгатай болж байсан түүхтэй. Хэн нь жинхэнэ дарга, аль нь ориг тамга вэ гэдгийг ялгаж салгах гэж үйлээ бардаг байв даа. Адгийн наад захын жишээ гэхэд АН нэг хэсэг Р.Гончигдорж, М.Энхсайхан гэсэн хоёр даргатай, хос тамгатай болж, гишүүд нь хэнийгээ дагахаа мэдэхээ болиод байх завсар М.Энхсайхан дарга ганцхан муриад ҮШН байгуулаагүй юү. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ч гэсэн дээ. Өөрийгөө улсын тэргүүн гэж одоо хүртэл бодоод дүрдээ тоглоод байгаа шүү дээ.

Гэтэл одоо энэ байдал эсрэгээрээ эргэжээ. Өөрийн хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгддөг моод түгэн дэлгэрээд байна. СЕХ-ны дарга асан Н.Лувсанжав, Монголбанкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдорж гээд акулуудаас энэ жагсаалт эхэлсэн. Удаалаад УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж сайн дураараа ажлаа өгөхөөр болж,  төдөлгүй УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх эрхэм гишүүний бүрэн эрхээсээ бас л өөрийн хүсэлтээр татгалзах санал гаргав. УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Тамгын газрын дарга Ц.Шаравдорж нарын алба, тушаалаасаа сайн дураараа буух саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор тун удахгүй хэлэлцэх гэж байна.

Өмнө нь хэн нэгэн албан тушаалтныг буулгах гэж бөөн ажил уддаг байсан бол одоо өөрсдөө өргөдлөө бариад “Май, энэ ажлаа ав” гээд гүйгээд ирдэг сайхан ч цаг болжээ.

Уг нь хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэж үг бий. Хэдий хаан суусан ч хугацаатай юм шүү гэдгийг сануулсан үг. Өнөө цагийн төрийн алба ч бүрэн эрхийн хугацаа заасан хуультай. Гэтэл юу хатгаад байгаа юм, бүү мэд. Хугацаа нь дуусаагүй байхад нэг л их албан тушаалаа найр тавин өгч, эрх ямбаасаа татгалзсан хүмүүс. Хамгийн сүүлд л гэхэд УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд даргаасаа татгалзав. Тийм албан тушаал хуульд байдаггүй болохоор байхгүй албанд эзэн суухгүй гэж шалтгаанаа тайлбарлажээ. Тэрийг мэддэг байсан юм бол бүр анхнаасаа татгалзахгүй ч яасан юм.

Эвэртэн туурайтныг ажлаас нь буулгах гээд дийлдэггүй байсан үе улирч одоо “Албан тушаалд тавьсан хүн маань сайн дураараа огцрох өргөдлөө бариад ороод ирэхгүй байгаа даа” гэсэн “айдас түгшүүр”-т төрийн албаныхан автах болжээ. Намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон 28-ын эхнийх өргөдлөө өгсөн юм чинь хэлхээ тасарсан сондор шиг бусад нь ар араасаа цувчих юм биш биз.

Хүн албан тушаал, сандал, суудалд дургүй болоод байна гэдэг алтан бумбын эринд шилжиж байгаагийн дохио юм болов уу. Эсвэл ингэж анхаарал татдаг шинэ моод дэлгэрээ юү?

А.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж