
Сонгуулийн үр дүнд Ардчилсан нам үнэмлэхүй олон биш ч 31, МАН-аас 25, “Шударга ёс” эвслээс 11, харин бие даагч гурван гишүүнтэй парламент бүрэн бүрэлдэхүүнээ "эвлүүлж" чадахгүй дөрвөн сарын нүүр үзэж байна. Гэтэл өнгөрсөн долоо хоногт МАН-аас намын жагсаалтаар нэр дэвшсэн УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх ар гэрийн гачигдлаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсанаар одоо УИХ 70-уулаа болох нь.
Уг нь УИХ 76 гишүүнтэй байх ёстой. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу босго оноо буюу ард түмнээс 28 хувийн санал авч чадаагүй хоёр тойрог буюу Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт удахгүй дахин санал хурааль болж гишүүд нь сонгогдвол УИХ 73-уулаа болно. Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн дахин санал хураалт Орон нутгийн сонгуультай хамт буюу энэ сарын 21-нд болох ёстой.
Харин хоёр мандаттай 10-р тойрог буюу Өвөрхангай аймагт нэр дэвшигчид бие биенийхээ эсрэг гомдол гаргаж, хуулийн байгууллагад хандсан байгаа учраас МАН-ын хоёр уу, АН-ын хоёр уу гэдэг нь эргэлзээтэй хэвээрээ л байна. Сонгуулийн ерөнхий хороо тойргийн хороодын шийдвэрийн дагуу АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхээр болсон ч МАН-ын гишүүд “буйдантай, хонхны дуутай жагсаал” содон жагсаал хийснээр АН-ын гишүүдийн тоог хоёроор нэмэх боломж биелээгүй хэвээр байна.
Өөр нэг бараг мартагдахаа шахаж байгаа хүн бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар нэр дэвшигч Ц.Оюунбаатар. Өөрийнх нь сонгосон “Шударга ёс” эвслийн ааш зан хэзээ наашлахыг хүлээж суугаа энэ эрхэм хэзээ тангараг өргөх нь одоог хүртэл тодорхойгүй л байна. Гэхдээ л тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх билээ, мань хүн “Ирэх долоо хоногоос тангаргаа өргөчих байх, удахгүй байх” гэж үе үехэн хэвлэлд санаагаа хэлэн их хурлын танхимд залагдах өдрөө хүлээж сууна. Гэвч Өвөрхангай аймгийн нэр дэвшигчдийн маргааныг эцэслэтэл ноён Ц.Оюунбаатар тангараг өргөхгүй нь нэгэнт тодорхой болжээ.
Бүрдэж амжаагүй байж ирж, буцах болсон нэг ангийнхан удахгүй эмэгтэй гишүүдээр бүл нэмж магадгүй болсон нь У.Хүрэлсүх гишүүний өргөдөл өгсөнтэй холбогдлоо. Намын жагсаалтаар их хуралд орж ирсэн У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөр түүний ард эрэмбэлэгдэж байсан МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл энэ ангид орж ирэх ёстой. УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүн эрүүл мэнд, болон бусад шалтгаанаар бүрэн эрхээсээ татгалзах юм бол дараагийн нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр татах учиртай. Тиймээс намын жагсаалтын 10-т жагссан Д.Сарангэрэл хадагтай энэ их хурлын шинэ зочин болж таарах нь.
У.Хүрэлсүхийн гишүүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын чуулганд танилцуулах бол УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тогтоолын төслийг ирэх пүрэв гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.
Энэ их хурал эхнээсээ л ээдрээтэй зам туулж, нийлж нэгдэж, нэг ангидаа цуглах гэж их л “зүдэрч” байна даа.