Автобусны маргаан дэгдэж байх зуур өнгөрсөн долоо хоногийн анхаарал татсан үйл явдлын өрнөл үргэлжилж УИХ дахь МАН-ын гишүүд ээлжит хурлаараа гишүүн У.Хүрэлсүхийн гишүүний албан үүргээс чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авлаа. Цаашид түүнийг албанаас нь чөлөөлөх гэх мэт ёслолын шинж чанартай ”ажил” үргэлжилнэ.
Мөн энэ өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталь хоёрыг нэгтгэн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг болгох шийдвэрийг хүчингүй болгох ёстой гэж УИХ дахь МАН-ын гишүүд үзэн, Засгийн газрын уг тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр ярилцжээ. Ингээд хоёр эмнэлгийг хэрхэх тухай асуудал дахин сөхөгдөж магадгүй нь.
У.Хүрэлсүхийн араас ахиад нэгэн эрхэм гишүүн “нүүдэл суудал”-ыг үргэлжлүүлэв. Үүнд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга О.Баасанхүү өнөөдөр эвслийн дэд даргынхаа албаа хүлээлгэн өглөө. “Энэ нь нь эртний шийдвэр байсан бөгөөд УИХ-ын тухай хууль ёсоор ийм дэд даргын орон тоо байдаггүй ч юм” гэж тэрээр тайлбарлав. Түүнчлэн улс төрийн үзэл санаа нь эвслийн бүлгийнх нь болон Засгийн газрын гишүүдийн байр суурьтай сөргөлдөж байгаа учраас цаашдаа дэд даргын үүргийг хашиж чадахгүй гэсэн тайлбар дагалдаж байна. Ингээд түүний оронд Сангийн сайд Ч.Улааныг сонгожээ.
Өөр нэгэн “явдал, суудал”-тай холбоотой үйл явдал нь харин арай ондоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн есдүгээр сарын дундуур Олон Улсын хамтын ажиллагааны агентлаг буюу Жайкагийн урилгаар Япон улсад зорилгоор айлчилсан. Тэрээр энэхүү айлчлалынхаа бүхий л зардлаа тайлагнасан нь бас л содон гэхээр үйл явдал боллоо. Тэрээр үүгээрээ дарга нар хурал, семинар гэсэн нэрийдлээр гадаадад амарч, үргүй зардал гаргаж байна хэмээх шүүмжлэлд хариу өгөх гэсэн бололтой.
Харин улс орны эдийн засгийн салбарын хувьд, халуухан сэдэв болоод буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн талаар шинэхэн захирал Я.Батсуурь “Чалко”-гийн удирдлагуудтай уулзаж, хийсэн гэрээгээ эргэн харахаар болсон тухай мэдэгдсэн нь онцлох сэдвийн нэг байв. Сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани “Чалко” Хятадын төрийн өмчит компанитай 350 сая ам.долларын нүүрс нийлүүлэх гэрээ байгуулан, урьдчилгаа мөнгийг нь аль хэдийнэ Хүний хөгжлийн сангийн 21 мянган төгрөгт зориулчихсан байгаа. Цаашид ч олборлосон нүүрсээ зах зээлийн үнээр зөвхөн “Чалко”-д нийлүүлэх ёстой. “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн жил нэг тонн нүүрсээ 70 ам.доллараар нийлүүлж байсан бол нүүрсний үнэ унаснаар одоо үнэ 59 ам.доллар болоод байгаа. Гэтэл энэ нь нүүрсний олборлолтын зардлыг ч нөхөхөөргүй байгаа тул олборлолт нийлүүлэлтээ түр зогсоох хүсэлтэй байгаагаа “Чалко”-д илэрхийлэн, гэрээгээ эргэж харахыг санал болгож буй. “Чалко” хүсэлтийн хариуг удахгүй өгнө гэж амлажээ.