
НЭГ.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчлэх зорилгоор ажиллуулах 1200, 1234 тусгай дугаарын утас болон www.ub1200.mn, www.ub1234.mn цахим хуудсаар санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авахтай холбогдуулан:
А.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нийслэлийн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн эрх ашигтай шууд хамаарал бүхий шийдвэр гаргахын өмнө тэднээс санал авч байх.
Б.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний лавлагаа, мэдээллийн санг тогтмол шинэчилж, баяжуулах.
В.И-оффисын програм хангамжаар ирсэн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэж, хуулийн хугацаанд багтаан холбогдох эзэнд нь хариу мэдэгдэж ажиллах.
БИЕЛЭЛТ: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний лавлагаа, мэдээллийн санг байгуулан, шинэчлэн баяжуулж байгаа мэдээллийг дүүргүүдийн ЗДТГ, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрууд ирүүлсэн байна. Дээрх үүргүүдийн биелэлтийн талаар нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд мэдээлэл хийнэ.
ХОЁР.
А.Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах, хүйтрэлтийг эрсдэлгүй давах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар Дулааны сүлжээ ХК, ОСНААУГ хамтран халаалтын цогц төхөөрөмж, холигч насосны узелиудын тоногдсон, эвдэрч гэмтсэн хэсгүүдийн судалгаа тооцоог гаргаж танилцуулан хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх.
Б.Мөн нийслэлийн харъяа байгууллагуудад төслийн хөрөнгөөр суурилагдсан халаалтын цогц төхөөрөмжүүдийг мэргэжлийн байгууллагад актаар шилжүүлэн өгөх ажлыг энэ долоо хоногт дуусгах.
В.Дүүргүүдийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар, ОСНААУГ, МСӨХДЗ болон нийслэлийн нутаг дэвсгэрт ажил үйлчилгээ явуулж байгаа бусад байгууллага, аж ахуйн нэгжүүд цас, мөс тогтсоны улмаас хальтиргаа, гулгаа үүсгэхгүй байх арга хэмжээ авах.
Г.Орон сууцны өрх бүрийн өвөлжилтийн бэлтгэл хангалтыг хороо, Сууц өмчлөгчдийн холбоо, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хамтран шалгаж хотын хэмжээний дүнг Ерөнхий менежер Ч.Бат танилцах.
БИЕЛЭЛТ: Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар томилогдсон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсгүүд дулааны үр ашгийг дээшлүүлэх төслөөр суурилагдсан тоноглолуудын ажиллагаа болон бүрэн бүтэн байдалд үзлэг хийж ОСНААК-уудад суурилагдсан 112 ширхэг халаалтын цогц төхөөрөмж, 833 ширхэг холигч насосны узелийг хамруулаад байна. Дээрх тоноглолуудыг тухайн орон сууцны компаниуд, харин тохируулга, зүгшрүүлгийг мэргэжлийн байгууллага УБ Дулааны сүлжээ ХК хариуцдаг болгосон. Дүүргүүд нутаг дэвсгэртээ ажил үйлчилгээ явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдэд цас орсон үед орчноо цэвэрлэх зураглалыг баталж хүргүүлсэн байна. Дүүргүүдийн цас цэвэрлэгээний тусгай зориулалтын авто машинуудыг Хот тохижилтын газарт шилжүүлж, ажилд гарах бэлтгэлийг хангуулсан. Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангаагүй 267 өрх байсны 207 өрхийн бэлтгэлийг хангуулж, үлдэх өрхүүдэд хугацаатай үүрэг өгөөд байна. Мөн 228 Сууц өмчлөгчдийн холбоо өвлийн бэлтгэлийг хугацаанд нь хангаагүй байснаас 28-аас бусдыг хангууллаа.
ГУРАВ.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 373 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөнд заагдсан ажлуудыг холбогдох байгууллагууд хэрэгжүүлэх.
БИЕЛЭЛТ: Нийслэлийн өдрөөр нийслэлийн “Сүлдэт хуур”-ыг цэнгүүлж, “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг зохион байгуулсан ба анх удаа нийслэлийн тугийг төв талбайд мандууллаа. Нийслэлийн тэргүүний 9 өрх, шилдэг аж ахуйн нэгжээр “Талх чихэр”, “Монгол глобал” ХХК-иудыг шалгаруулан шагнаж урамшууллаа. Ой угтаж бүтээн байгуулалтын ажлууд нэлээд хийгдсэний дотор “Нарны гүүр”-ийг ашиглалтад хүлээн авах нээлтийн ажиллагаа байсан. Олон нийтэд зориулсан зарим ажлаас дурьдвал, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Их нүүдэл” шатрын тэмцээн, “Бид хотынхоо төлөө юу хийж чадах вэ?” шилдэг жиргээний болон “Инээмсэглэлтэй Улаанбаатар” нийгмийн рекламын уралдаан, “l love ulaanbaatar” ухаалаг утасны анхдугаар богино хэмжээний кино фестивалийг зохион байгуулах, ЕБС-ийн сурагчдад “Хотын соёл” сэдвээр хичээл заах, Хүүхдийн найрал дууны наадам хийх зэрэг томоохон арга хэмжээнүүд төлөвлөгдөн хийгдлээ. Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 373 жилийн ойг угтсан ажлын хүрээнд нийтийн их цэвэрлэгээг 2012 оны 10 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулж 60839 хүн, 5194 байгууллага, аж ахуйн нэгж, 104 их, дээд болон Ерөнхий боловсролын сургууль, 250 Сууц өмчлөгчийн холбоог оролцуулж нийтийн эзэмшлийн 619960 м2 талбайг цэвэрлэн, 3779,6 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэсэн байна.
ДӨРӨВ.
Ирэх жил хөрөнгө оруулалтаар хийгдэхээр батлагдсан ажлын зураг төсөв, хөтөлбөр төслийг энэ онд багтаан боловсруулж 2013 онд хийгдэх ажлуудыг 4 дүгээр сарын 15-наас өмнө эхлүүлэхээр Захирагчийн ажлын алба, нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хөрөнгө оруулалтын газар, Зураг төслийн хүрээлэн, дүүргүүдийн ЗДТГ уялдуулан зохион байгуулах.
БИЕЛЭЛТ: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газартай хамтран хөрөнгө оруулалтын 2013 оны ажлын бэлтгэл болох 9,296,6 сая төгрөгийн 77 ажилд зураг, төслийн ажлын задаргааг дүүргүүдийн ЗДТГ-аас төсвийн төсөлд ирсэн саналд үндэслэн хийгээд байна. Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэхээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг төвийн зургаан дүүргийн 25 байршилд нийт 1277,5 сая төгрөгөөр хийхээр төлөвлөлөө.
ТАВ.
Нийтийн эзэмшлийн зам талбайн үйлчлэгчдийн цэвэрлэх талбайн хэмжээг өөрчлөх буюу цалинг өвлийн улиралд нэмэгдүүлэх асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат судалж шийдвэрлэх, Улаанбаатар Дулааны сүлжээ ХК халаалтын горимыг батлуулж ажиллах.
БИЕЛЭЛТ: Зам талбайн үйлчлэгчдийн цэвэрлэх талбайн хэмжээг өөрчлөх, цалинг нэмэгдүүлэх асуудлыг ЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс судалж байна. Улаанбаатар Дулааны сүлжээ ХК халаалтын горимоо батлуулахаар Ерөнхий менежерт ирүүлсэн боловч тэрхүү горим нь УС-15, Сансар, 16 дугаар хорооллын орчмын байруудад өвлийн оргил ачааллын үед дулааны доголдол гарч болзошгүй байдалтайгаар хийгдсэн учир халаалтын нэгдүгээр хэлхээний горимоо эргэж авч үзэж өөрчлөх саналыг Диспетчирийн үндэсний төвд тавиад байна.
ЗУРГАА.
Нийслэлд шинээр байгуулагдсан Концессын зөвлөл дүрэм, журмаа яаралтай батлуулж ажилдаа орох, нийслэлийн Өмчийн харилцааны газар Улаанбаатар банк, Улаанбаатар даатгал, Тэнгис кино театр, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн зэрэг газруудын нийслэлийн өмчид ноогдох хувийг нарийн тодорхойлж, хяналтын багцад эзлэх хувийг нэмэгдүүлэх асуудлыг судлах.
БИЕЛЭЛТ: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 32 дугаар тогтоолоор 21 хүний бүрэлдэхүүнтэй нийслэлийн Концессын зөвлөлийг байгуулсан. Нийслэлийн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны зөвлөлийн хурлаар “Нийслэлийн Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зөвлөлийн ажиллах журам”, “Орон нутгийн өмчийн концессын төслүүдийг хэрэгжүүлэх журам”-ын төслүүдийг хэлэлцсэн байна. Нийслэлийн өмчийн оролцоотой компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчлэн томилохоор нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг нийслэлийн Өмчийн харилцааны газар боловсруулжээ.
Урьд нь ажиллаж байсан Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан тогтоол шийдвэрийг судлах ажлын хэсгийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын тушаалаар байгуулсан байна.
Нийслэлийн удирдлагын шуурхай зөвлөлгөөнд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Бат-Очир 2012 оны нийслэлийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлд 2011онд 336,6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 1951 төсөл арга хэмжээ хэрэгжих хэрэгжүүлэх ёстой байжээ. Түүний 1106 –д нь гэрээ байгуулж ажлыг нь эхлүүлсэн байна. Дараа нь НЦГ, ЗЦГ, НОБГ, НМХГ-аас мэдээлэл хийсэн аж. Мэдээллийг бямба гаргиар тасалбар болгон бичдэг байна. Харин ням гаригт Улиастайн гүүрний орчимд хоёр авто машин мөргөлдөж ослоор хүний амь үрэгдсэн талаар ЗЦГ-ын мэдээлэлд дурьдагдлаа. Мөн НОБГ-аас ням гаригт Хараасүмбэр компаний барьсан орон сууцны авто грашт гал гарч тухайн байрны давхаруудаар утаа бүрхэн оршин суугчид угаартах байдалтай байхад нь онцгой байдлынхан түргэн тусламж дуудан эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.
Зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч дарга Н.Батаа үүрэг даалгавар өглөө. Үүнд:
- Дүүргүүдийн ЗДТГ аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сонгуулийн ажлын бэлтгэлийг хангах, зохион байгуулж явуулах.
- Хотын хэмжээнд хийгдэж байгаа бодлогын томоохон зорилт бүхий ажлуудын /нийтийн тээвэр, барилга, шатахуун түгээх станцуудын талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд, нийслэлийн хэмжээнд иргэдийн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч барагдуулалт зэрэг/ үр дүнг тооцох, нийслэлчүүдэд сурталчилан таниулахад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд онцлон анхаарах.
- УИХ-аар 2013 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан байгууллагууд ирэх оны төсвийн төслийн урьдчилан ирүүлсэн саналд өөрчлөлт оруулах бол нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэстэй эцэслэн тохирох.
- Тайлант онд төлөвлөсөн ажлуудын явцыг байгууллагууд авч үзэх. Хүлээгдэж буй ажлуудаа үлдэж байгаа хугацаанд хэрэгжүүлэх.
- Нийслэлийн Эрүүл мэндийн газар халдварт өвчин болон томуу, томуу төст өвчний тархалтыг нэмэгдүүлэхгүйгээр ажлаа зохион байгуулах, нийслэлийн Боловсролын газар ерөнхий боловсролын сургуулиудын нэгдүгээр улирлын амралтын өдрүүдээр нийтийг хамарсан арга хэмжээг аль болохоор явуулахгүй байх.
- Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар энэ онд хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөсөн болон түүний гүйцэтгэлийг хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэсэн байгууллагууд нэг бүрээр оны эхнээс нэгтгэн гаргаж, санхүүжилтийн байдлыг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэстэй тохирсны үндсэнд нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд 2012 оны 11 дүгээр сард багтаан оруулах.
- Нийслэлийн ЗДТГ-ын Хотын хөгжлийн бодлогын хэлтэс нэгтгэн зохион байгуулж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас яамдын сайд болон ажил олгогч байгууллагын төлөөлөл, төрийн бус зарим байгууллагуудтай хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулах ажлыг ойрын өдрүүдэд дуусгах.
- Нийслэлийн Мэдээллийн технологийн газар интернет тоглоом тоглуулах, интернет кафе ажиллуулах зэрэг иргэдийн чөлөөт цагийг өнгөрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмын төслийг холбогдох байгууллагуудаас санал авч боловсруулан удирдлагуудад танилцуулж улмаар нийслэлийн ИТХ-д оруулах.
- Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газар орон сууцны конторуудын менежментийн хувьчлалыг хүчингүй болгосонтой холбогдуулан бүтэц зохион байгуулалтыг яаралтай хийх.
- 1200, 1234 тусгай дугаарын утас болон дээрх дугаарын цахим хуудсуудаар ирсэн өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулахад нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд хариуцлагатай, шуурхай, чирэгдэлгүй ажиллах.