“Бүлгийн дэд дарга гэдэг тушаал хуульд байхгүй”

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

“Бүлгийн дэд дарга гэдэг тушаал хуульд байхгүй”

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга О.Баасанхүү өнөөдөр бүлгийн дэд даргын албаа өөрийнхөө хүсэлтээр өгөхөөр болжээ. Энэ талаар эрхэм гишүүнээс тодруулав.

-Та бүлгийн дэд даргын албаа яагаад өгөхөөр болов?

-Энэ бол өнөөдөр гэнэт гаргасан ч шийдвэр биш. Нэлээд дээрээс бүлгийн дэд даргаа өгнө гэж ярьж байсан. Би өөрөө хуульч хүн. Хуульч хүнд хууль, зарчим гэж юм байх ёстой. Өнөөдөр УИХ-ын тухай хуульд бүлгийн дэд дарга гэж орон тоо байхгүй. Өмнөх парламентад жишгээр явж байсан юм билээ. Жишгээр явж байсан бол үүнийг хуульд оруулах ёстой.  Хуульчилж өгөх талаар өмнө нь бүлгийн хурал дээр тодорхой ярьсан. Тэгэхэд “Та хуульч хүн. Энэ талаар тодорхой саналууд байна уу” гэхэд би саналаа хэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл түүнийг авч яриагүй. Сануулж хэлэхээр өөдөөс “Та тэр асуудлаа нэг мөр болго л доо. Идэвхтэй бай л даа” гэсэн юм хэлдэг.

Ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуулиар хүн өөрөө өөртөө эрх мэдэл өгөх гэж санал боловсруулж оруулах ёсгүй. Тийм байхад эвслийн бүлэг өнөөдөр хууль, дүрмээр тодорхой болоогүй дэд дарга гэдэг албан тушаалд намайг байгаа гэж санах хэрэггүй. Тийм байдаггүй юм гэдгийг сануулж байгаа хэлбэр. Тэр ажлыг Ч.Улаан сайд аваад явъя гэж байгаа юм шиг байна.

-Хуульд байхгүй албан тушаал хашихгүй гэсэн утгаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн гэж ойлгож болох уу?

-Хоёр дахь шалтгаан бас байна. Би тодорхой зарим асуудлаар байр сууриа илэрхийлж байгаа. Миний байр суурь эвслийн бүлэг, Засгийн газарт орсон гишүүдийн байр суурьтай харшилж байгаа. 

-Тухайлбал, ямар байр суурь харшилж байгаа гэж?

-Оюутолгойн гэрээг өөрчилье, таван тэрбум ам.долларын бонд авах хэрэггүй, яагаад гэвэл Монгол Улс өрөндөө баригдаад байна. Эмнэлгийн зориулалттай барилгыг оффисын зариулалттай болгож байгаа нь буруу гээд яриад байгаа маань бүлгийн дэд дарга мөртлөө эргээд эвслийн бүлгийнхээ байр суурийн эсрэг ярьсан, ёс зүйн хувьд зохисгүй мэт харагдаж байгаа. Тийм учраас надад сонголт хэрэгтэй болж байгаа. Бүлгээ дагах уу, эрх ашгаа дагах уу. Эрх ашиг гэдэг маань миний эрх ашиг биш, би ард  иргэдийн эрх ашгийг л илэрхийлж байгаа.  Бүлэг ажлаа хийг. Би иргэдийнхээ талд зогсоё л гэж байгаа. Ийм л хоёр шалтгаанаар бүлгийн дэд даргаа өгье гэсэн бодолтой байгаа.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж