У.Хүрэлсүх гишүүний хувьд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга болон намын холбогдох байгууллагад гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ тавьсан байсан. Намын даргад энэ тухайгаа “Гэргийгээ эмчлүүлж, асрах шаардлагатай байгаа тул чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна” гэжээ.
УИХ дахь МАН-ын гишүүдийн дарга Н.Энхболд “Эл асуудлыг УИХ энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэнэ. Хуулиараа жагсалтаас сонгогдсон гишүүн УИХ-ын гишүүнээс чөлөөгдвөл түүний дараах жагсаалтад орсон хүнийг тавина. Тэгэхдээ УИХ-аас У.Хүрэлсүх гишүүний хүсэлтийг хүлээн авч, чөлөөлсний дараа энэхүү асуудал тавигдана” гэж тодотголоо.
Мөн хуралдаанаар Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Батлан хамгаалах яамны харъяа Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталь хоёрыг нэгтгэн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг болгох шийдвэрийг хүчингүй болгох ёстой гэж үзсэн байна. Эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглах ёстой, тиймээс Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох тогтоолын төсөл өргөн мэдүүлэхээр болжээ.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ дахь МАН-ын гишүүдийг бүлэгтэй болгох хуулийн төслийг 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцэж батлах ёстой гэсэн өмнөх байр сууриа хэвээр хадгалсан юм байна. Хэрвээ намын бүлгүүдэд улстөрийн хүсэл эрмэлзэл байгаа бол эл хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах бололцоо ч мөн нээлттэй тухай энэ үеэр Н.Энхболд гишүүн онцоллоо.
Өнгөрсөн аравдугаар сарын 21-25-ны хооронд Канад улсын Квебек хотноо Олон улсын Парламентын холбооны хуралдааны үеэр Социалист интернационалын бүлэг хуралдаж Монголын парламентын нөхцөл байдлыгг хэлэлцжээ. Эл асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон МАН-ын бүлгийг УИХ албан ёсоор баталгаажуулж өгөхгүй байгаа тухай мэдэгдсэн юм байна. Үүнтэй холбоотойгоор Социнтернийн хуралдаанаас “УИХ дахь МАН-ын бүлэг байгуулах эрх, сонгуулиас хойшхи асуудлыг ардчилсан зарчмаар шийдвэрлэх шаардлага байна” гэж үзээд энэ асуудалд Олон улсын парламентын холбооны удирдлагын анхаарлыг хандуулах болно гэсэн аж.
Энэ талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр намынхаа гишүүдэд танилцуулсан юм байна.