Хотын утааг Ерөнхий сайд хөөрөгдөв

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Хотын утааг Ерөнхий сайд хөөрөгдөв

-Нэг ест яах вэ?

-Нил утаа болно.

-Хоёр ест яах вэ?

 -Хор нь улам ихэснэ.

-Гурван ест яах вэ?

 -Гамшгийн хэмжээнд хүрнэ.

-Дөрвөн ест яах вэ?

 -Дөрвөн зүг харагдахаа болино.

-Таван ест яах вэ?

 -Тархсан утаа татарна.

-Зургаан ест яах вэ?

-Зам бүртийж харагдана.

-Долоон ест яах вэ?

-Хотын өнгө харласан байна.

-Найман ест яах вэ?

-Нарны туяа тодорч харагдана.

-Есөн ест яах вэ?

-Ерийн утаатай болно…” хэмээн сүүлийн үед ес эхлэхийг Улаанбаатарын утаагаар баримжаалдаг болжээ.

Хошигнол гэхээсээ бодит байдал болсон утааны гамшиг энэ жил ч хэвээр үргэлжилнэ. Учир нь утаа улам өтгөрч, өмнөх жилүүдийнхээс илүү олон тэрбум төгрөг төсвөөс залгина гэдэг нь халуун намраар тодорхой болсон.  Хэдийгээр энэ жилийн намар урт болж налайсан өдрүүд олныг бэлэглэсэн ч хотын утаа хэдийнэ нь ажлаа хийгээд эхэлсэн. Хүүхэд хөгшидгүй утааны балаг ханиаданд дарлуулж, элдэв харшилд дарлуулсан иргэд эмнэлгээр дүүрэн байна.

УТАА БАГАСААГҮЙ Ч ХОРГҮЙ БОЛСОН  ГЭНЭ ШҮҮ

Монголын төр засаг сүүлийн арав гаруй жил утаатай дайтаж байгаа. Гэвч энэ дайнд ялах магадлал харагдахгүй байгаа бөгөөд тун удахгүй цагаан туг өргөн бууж өгнө гэдэгт мөрийцсөн ч алдахааргүй болсон. Утаагүй зуух, хийн түлш тараана гээд л хэчнээн тэрбумаар нь цацсан ч нийслэлийн утаа улам л нэмэгдсээр. Өнгөрсөн жил авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнд утаа багасаагүй байж болох ч найрлага дахь хор нь буурсан гэсэн инээдэмтэй хариулт хэлнэ билээ.

Америкийн Засгийн газ­рын санхүүжилттэй Мянга­ны сорилтын сангийн “Цэвэр агаар” төслөөс 40 сая ам.долларыг Улаанбаатарын утааг бууруулахад зарцуулсан тооцоо бий. Үүнээс 10 сая орчим ам.доллар нь л гэр хороололд, үлдсэнийг нь нүүрснээс өөр аргаар дулаан гаргах эх үүсвэр байгуулах буюу салхин станц нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүч бий болгоход зориулжээ.

Агаарын бохирдлыг бодитой бууруулна хэмээн авч хэрэгжүүлсэн нэг ажил нь хийн зуухыг гэр хорооллын иргэдэд тараасан явдал. “Цэвэр агаар” төслөөс санхүүжүүлэн 47 сая ам.доллараар “Хас”, “Өлзий”  нэртэй тун ч “ухаантай” зуух оруулж ирснээ сурталчлаад зогсоогүй өөрийн өртөг нь 400 гаруй мянган төгрөгөөр үнэлэгдсэн зуухны үнийг 25 мянга болтол нь навс унагаж байгаад иргэдэд “шахсан”. Гэтэл үнэн хэрэг дээрээ эдгээр зуух нь Туркт 60 ам.доллар байдгийг юм мэдэх хүмүүс хэлдэг. Энэ мэтээр өнгөрсөн жил 70 мянган айлыг “зуухжуулж”, энэ жил 23 мянгыг нэмж өгөхөөр болоод буй.  Харин улсын төсвийн хөрөнгөөр 20 мянган зуух тараахаар болсон. Үүндээ 14 тэрбумыг төсөвлөөд байгаа. Нийслэлийн гэр хороололд 173 мянган өрх байгаа. Утаа гаргадаг яндангийн тоо үүнээс арай илүү гээд бодохоор юутай ч 120 орчим мянган янданг утаа гаргадаггүй болгоод авсан байх юм. Гэвч утаа улам өтгөрсөөр байгаагийн шалтгаан юун байна вэ.  

Утаатай тэмцэх төлөв­лөгөөнд нь өөр нэг ажил бий. Тэр нь нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувь хүртэл бууруулахад “ДЦС-II” онцгой үүрэг гүйцэтгэх учиртай. Энэ үйлдвэрийг шинэчлэн 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх цогцолбор болгоод энэ оны есдүгээр сард бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулах ёстой байсан. Гэхдээ төлөвлөсөн хугацаандаа хагас коксжсон түлшээ гаргаж эхлээгүй. Энэ жил 19 мянган тонн боловсруулсан түлш нийлүүлж магадгүй гэсэн итгэл талаар болсон. Үйлдвэрээ ашиглалтад оруулж амжаагүй тул түүхий нүүрс хязгаарлах бүсийг багасгаж зөвхөн Баянгол дүүрэгт хэрэгжүүлэхээс өөр аргагүйд хүрээд байгаа гэсэн. Одоогоор Баянгол дүүргийн гэр хорооллын иргэдэд сайжруулсан зуух нийлүүлэхгүй, хуучин зуухандаа уг утаагүй гэх түлшийг түлж өвөлжихөөр болжээ.

УТААТАЙ ЗАРЛАСАН ДАЙНЫ ТӨСӨВ УЛАМ БҮР НЭМЭГДСЭЭР

Өнгөрсөн жил түлсэн нүүрсний хэмжээгээр нь тооцоолж нийслэлийн утаа 18 хувиар буурсан гэсэн тооцоо гаргасан. Энэ бол том амжилт хэмээн цээжээ дэлдэх хүмүүс бий. Тэд энэ жил хотын утааг 30 хувиар бууруулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Тиймээс нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад ирэх оны төсөвт 282.3 тэрбумыг суулгаад байгаа аж. Хувь тавилантайгаа эвлэрсэн нийслэлчүүдэд бол утаа эмгэнэлт бас улигт сэдэв. Дуусдаггүй, дуусах ч найдлагагүй утааны тухай яриа улам сунжирч, хэчнээн тэрбумаар тоологдох төсөл хөтөлбөрөөр баяжиж байгаа.  Тэгсэн ч хотын утаа улам өтгөрсөөр. 1500 авто машиныг филтержүүлэхэд 500 сая, 400 ширхэг автобусыг хийн түлшээр хангахад 3.5 тэрбум гээд л тоочвол дэндүү их тоо гарах биз. Нийслэлийн төсвөөс л гэхэд ирэх жил их утаа 24.6 тэрбумыг залгина. Гэр хороолол хаяагаа тэлсээр л. Гэтэл дарга нар амьдралаас тасархай арга ядсан арга хэмжээ аваад байхаар яаж утаа багасах билээ. Утааг багасгахгүй барьж байх сонирхол ч заримд нь бий. Учир нь түүнийг ужиг бизнес болгон тэжээж тэтгэж түүгээр нь амь зогоож буй хүмүүс ч бий юм. Хотын утаагаар далимдуулаад бизнес олох олон арга байна. Утаагүй зуух, утаа гардаггүй түлш, гэрийн дулаалга гэхчилэн элдэв зүйлээс ирэх жил буюу энэ өвөл хамгийн ашигтай нь хорт утааны баг болж мэдэх юм. Яагаад гэвэл энэ өвөл баг өмсөхөд буруудахгүй л байх. Яагаад гэвэл гүйцэтгэх засаглалын тэргүүн утааг улам өтгөрүүлэх санаачлага гаргасан юм. Ерөнхий сайд Багануурын нүүрсний үнийг буулгаж, савлаж зарах шуудайд стандарт тогтоолоо гэсэн сүржин мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн том дуулиан байв. Эхлээд сонсоход ядарсан ард түмнээ гэсэн сайхан санаа мэт санагдаж мэдэх ч уг углуургаар нь хөөвөл утаатай тэмцэж чадахгүй нь тиймээс нүүрсээ хямдаар аваад улам ихийг түлж утаа сайн гарга гэсэнтэй агаар нэг болж буй юм. Уг нь утаанаас салах хамгийн сайн арга нь орон сууцжуулах. Гэр хорооллынхноо бүгдийг нь паартай байшинд суулгаж хүчрэхгүйгээс хойш түлдэг түлш энэ тэрд нь анхаарал тавих учиртай. Нүүрс түлэхгүй бол яаж дулаан өвөлжих вэ гэдэг ойлгомжтой ч түлэх нүүрсийг нь хагас хугас ч бол боловсруулах тал дээр анхаарах ёстой. Гэтэл Ерөнхий сайд тортог хамгийн ихтэй, бас үнсэнд нь ураны агууламж бусдаас өндөр гэдэг Багануурын нүүрсийг хямд үнээр ихээр аваад пийшингээ өрд гээд лүндэгнэж орхилоо. Нөгөөтэйгүүр ММСС-гийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Цэвэр агаар” төсөл сарын дараа хаалтаа хийх юм билээ. Ингээд утаатай тэмцэх үлгэр жаргах нь. Нүүдэлчин сэтгэлгээнээсээ салж чадахгүй байгаа нийслэлчүүд утаа хэмээх гамшигтайгаа эвлэрч уушгиа хордуулаад нэг үгээр нийслэлд эрүүл хүн үлдэхгүй болох нь.  

МАШИНЫ ТАТВАРЫГ НЭМЭХ НЬ УТААГ БУУРУУЛАХ ДОРВИТОЙ АРГА ГЭНЭ

Утааны эсрэг мастер төлөвлөгөөнд утаагүй зуух, шахмал түлш, цахилгаанаар халдаг гэрийн хөшиг, шал, туурга, сайжруулсан түлш, ус, цахилгааны шинэ эх үүсвэр гээд бүгд багтсан. Саяхан гэхэд нэг “шилдэг санаачлага” гаргасан нь яндангийн утаа шүүгч. Үүнийг хэрэглэснээр агаарт цацагдах хөө тортог, тоос тоосонцрыг 88 хувь бууруулна гэж үзэж байгаа. Тиймээс Гандангийн дэнжийнхнийг туршилтын туулай болгож, 1090 айлд энэхүү утаа шүүгчийг тараав. Манай дарга нар бизнесийн ухаан сайтайг гэрчлэх нэг үйл явдал нь энэ юм. Хоёр сарын өмнө Улаанбаатарт Дэлхийн өвлийн хотуудын чуулга уулзалт болсон. Энэ үеэр манайх шиг утаатай байсан ч түүнээс амархан салсан орныхон турш­лагаасаа хуваалцсан. Тэдний нэг АНУ-ын Анкореж хотын захирагч Дик Сталлоне  “Манайд ч гэсэн яг одоогийн Улаанбаатар шиг утаатай байсан. Гэхдээ танай хотын агаар манайхаас хамаагүй их бохир юм. Утаагүй түлш, утаа бага гаргадаг зуухыг бид ч гэсэн хэрэглэж үзсэн. Гэхдээ танай улсын хувьд автомашины утаа их нөлөөлж байх шиг байна. Анкореж хотод гурваас дээш жилийн насжилттай автомашин буюу агаарт утаа гаргаж, бохирдуулж буй тээврийн хэрэгслийг торгодог. Гурваас дээш жил явсан автомашинаас ялгарах хорт утааг хэмжиж өндөр татвар  ноогдуулдаг нь автомашинаас ялгарах утааг багасгах хамгийн үр дүнтэй арга хэмжээ байсан” хэмээсэн. Гэтэл манай нийслэлд 300 гаруй мянган машинтайгаас 80 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байдаг билээ.

Б.АЗЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж