Залуучуудын спорт хороо дэд даргаа сонгов

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Залуучуудын спорт хороо дэд даргаа сонгов

Монголын залуучуудын холбооны Залуучуудын спортын хорооны Бүх гишүүдийн нэгдсэн хуралдаан өнгөрсөн баасан гаригт боллоо. Хурлаар Залуучуудын спорт хорооны үйл ажиллагааны журмын төслийг хэлэлцэж, хорооны тэргүүлэгч гишүүд болон дэд даргыг сонгож, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууганы удирдаж буй уг спорт хороо залуучуудын спортын хүмүүжил, боловсролыг нэмэгдүүлэх, спортын барилга байгууламж, спорт талбайг олшруулж хөгжүүлэх чиглэлээр бусад байгууллагатай хамтарч ажиллах, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлэх гэхчлэн зорилтот санаачилга гарган ажиллахаар төлөвлөж байна.

Нийт 40 гишүүнтэйгээр үйл ажиллагаа эхэлж буй Залуучуудын спорт хорооны Нэгдсэн хуралдаанаас тус хорооны дэд даргаар Б.Мөнхбаатарыг сонголоо.

Түүнчлэн тус хурлаас хорооны зургаан тэргүүлэгч гишүүнийг сонгосон бөгөөд дотоод хамтын ажиллагаа хариуцсан Тэргүүлэгч гишүүнээр шатрын их мастер Б.Мөнгөнтуул сонгогдсон байна. Сонирхуулахад, Залуучуудын спорт хороонд эмэгтэй тамирчдын төлөөлөл болж, бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Батцэцэг, хүндийг өргөлтийн ОУХМ, Гавьяат тамирчин Н.Баярмаа, их мастер Б.Мөнгөнтуул нарын бүсгүйчүүд нэгджээ.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж