![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/8/7ed508de990cd156/c9bb592f84d7a803big.jpg)
Эзэн Чингис хааны хэлсэн энэ үгийг ардчилсан, “ардчилаагүй” аль ч намынхан үеийн үед санаж явууштай аж. Амьдрал өөрөө аяндаа бүхнийг нотлоод өгдөг. Үүнийг төрийн эрх барьж байгаа ардчилсан хүчнийхний ааш араншин, ажил хэргийн явцаас анзаарахад төвөгтэй биш байна. Төсөөлөл хийгээд амьдрал хоёрын дунд алд дэлэм зай бий аж. Тэр дундаа улсын хэмжээний бодлогод сэтгэлийн хөөрлөөр хандвал эргээд тэнгэр хол, газар хатуу байдаг гэдгийг мартаж болмооргүй. Ардчилсан нам Засгийн эрх бариад хийж хэрэгжүүлж байгаа бодлогын шинжтэй ажлын нэг нь зарим гол нэрийн барааны үнэ ханшийг тогтвортой байлгах явдал. Энэ дундаа бензин шатахууны үнийг ирэх дөрвөн жилд тогтвортой байлгахаар Уул уурхайн яам, Монголбанк, шатахуун имплотлогч гэсэн гурван талын төлөөлөл гарын үсэг зурж, ард түмнээ баярлуулснаас хойш хэдхэн хоног өнгөрч байна.
Энэ шийдвэрийг ард түмэн алга ташин хүлээж авсан. Гэвч энэ алдартай гэрээний гарын үсэгнийх нь бэх хатаж амжаагүй шахам байхад ОХУ манайд нийлүүлдэг шатахууныхаа татварыг нэмэхээр тулгалт хийж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаад эхэллээ. Гайтай юм, сайн юманд садаа их гэж энэ дээ. Иймэрхүү урьдчилан сануулга бол бидний хувьд хэдийний танил. Үнэн ч бай худал ч бай, ийм пиарыг үнэ нэмэх урьдач дохио гэдгийг Долоон буудлын Долзод эмээ ч мэднэ. Бас хэнээс, хаанаас иймэрхүү бор шувуу нисгэдгийг бүр ч андахгүй. Мэдээж тэд бол газрын тосны импортлогчид. Тэднийг төр засаг эрхлүүлэхээрээ нэг болсон. Онцгой татвараас чөлөөлөхөөс эхлээд аманд нь арай алт цутгаагүй байх. Н.Алтанхуягийн Засгийн газар ч ялгаагүй, нефть импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгож байхаар аргадаж, бүр гар хөлийн үсгээ зурсныг дээр өгүүлсэн. Дөрвөн жилийн хугацаатай хэрэгжих энэ гэрээ ажил болж амжаагүй байхад ОХУ-ын үнийн тулгалтын тухай чих дэлсэж байгаа нь дээрх гэрээг дэнжигнүүлж мэдэхээр байна. Шатахууны татвар нэмэгдэх болсон нь оросуудын гоморхолтой холбоотой гэсэн яриа түлхүү сонсогдоод байгааг анзаарахгүй өнгөрч бас болмооргүй. Хэдийгээр хар сэр дагуулж байгаа ч энэ мэдээлэлд учир шалтгаан байх магадлал бас бий.
Оросуудын гоморхолтой хамт урд хөршийнхний хилээ хаах тухай сануулга ирсэн гэх мэдээлэл бас байна. Хотын мэр Э.Бат-Үүлийн Лениний хөшөөг буулгах үедээ хэлсэн үг БНХАУ-аас Монголд суугаа элчингийнхэнд таалагдаагүй гэнэ. Хотын даргын хэлсэн үг бол Монгол Улсын төр засгийн байр суурийг ямар нэгэн хэмжээгээр агуулж байгаа учраас уучлал гуйхыг шаардсан элчингийнхэн хилээ хаахыг мэдэгдсэн гэцгээж байна. Сандарсан Үүл баатар “хилэгнэсэн” элчингийнхнээс уучлал гуйсан ч энэ асуудлыг илүү өндөр хэмжээнд ярих ёстой гэсэн байр суурийг Хятадын талаас илэрхийлж байгаа гэх мэдээлэл чих дэлсээд байна. Хэрэв энэ бүхэн үнэн бол хоёр хөршийнхөн маань Шинэчлэлийн Засгийн газарт “сайн найз” байх нь юу л бол.
Түүхэн хувь заяагаар холбогдсон хоёр хөршийн маань тохуурхал гэж нэг юм бий. Мөнхийн хөрш ч гэлээ тэдэнд мөнхий эрх ашиг гэж л бий. Гурав дахь хөрш гэсэн хийсвэрлэлээс илүүтэй монголчуудын амьдралд жинхэнэ утгаараа мэдрэгддэг нь хоёр хөршийн маань араншин. Тийм болохоор хойд урд хоёр хөршийнхөө арга эвийг олж, аргадаж амьдрахаас өөр гарцгүй мэт. Өөрөөр хэлбэл, хэн хэнийг нь гомдоохгүй, эрх ашгийн илэрхийллээ тугалыг нь турааж, эхийг нь эцээхгүйгээр хуваарилах гэхчлэн улс төрийн уран бэрийн нүүдэл шиг хэрэгтэй юм энд байхгүй. Харин Н.Алтанхуягийн Засгийн газрынхны хувьд америк араншин, ая занг илүүтэй сонирхож байгаа. Ямар сайндаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Би ОХУ-д төгссөн хүмүүсийг дэмжихгүй хэмээн” ил цагаан хэлж байв. Америкжсан энэ мэт хандлага “ах нарт” таалагдахгүй байгаа ч юм бил үү. Эдүгээгийн Ерөнхийлөгч, Их Хурлын эрхэм спикерээсээ эхлээд холын Америкт номын дуу сонсч сэм авгын хоолноос хэдэн жил хороосноороо бахархах дуртай улс. Ийм болохоороо газар зүйн хөршүүдээсээ илүүтэй тэдний зүрх сэтгэлд холын америк ойр байдаг бололтой юм.
Америк, Америк. Үүнийг буруутгах аргагүй. Тэгж хөгжиж, тэдэн шиг амьдрахыг мөрөөдөх нь огтхон ч буруу биш. Гэвч уулын бугыг хараад унасан морио орхиж бас болохгүй. Энэ бол улстөрчдийн тэнцүүлж явах ёстой ачаа. Гэхдээ энэ нь аргадах хийгээд эрх ашгаасаа урваж ухрах тухай асуудал огт биш. Харин Монгол Улсын хөгжлийн тухай асуудал юм. Аль ч талаараа бүрэн биеэ даасан, ашиг сонирхлын тэнцвэртэй байдлыг хадгалсан, аливаад хараат бус байх явдал л бидний эрхэмсэг оршихуй. Ингэж чадаагүй байж галуу дуурайвал хөлөө хөлдөөхөөс хэтэрнэ гэж үү. Үүний эхний сануулга нь энэ ОХУ-ын шатахууны татварын нэмэгдэл байж мэднэ.
Нефтийн бүтээгдэхүүнийхээ хэрэглээгээр ганц улсаас хараат байх нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай үнэхээр нийцэхгүй. Үүний горыг монголчууд үнийн нэмэгдлээр амсахаараа нэг болсон. Орос ах нарын ааш араншин, ашиг сонирхолд л хөтлөгдөж байна. Ийм байдлыг туурга тусгаар улсын хувьд хүлээн зөвшөөрөх нь байж боломгүй мэт. Үнэ нэмэгдэхээр л нэг хэсэг сүржигнэдэг, ингэнэ тэгнэ гэж тэнгэр харж ярьдаг, тэгээд мартдаг. Иймэрхүү байдлаар он цагийг аргацааж ирэв. Одоо дахиад ийм дохио хангинаж байна. Дохио дуугарсан бол галт тэрэг ирж л таарна. Монголын улс төр америк ая дангаар эгшиглэлээ гэж аягүйрхсэний хариу юу, аль эсвэл ардаа нэхэлтэй сануулга уу. Аль нь ч байж мэднэ. Анхных нь энэ, ахиад хэдэн ч удаа үнэ нэмэгдэж мэднэ. Харин энэ бүхнийг Н.Алтанхуягийн Засгийн газар тэсч гарч, шатахууны үнийг тогтвортой байлгах амлалтаа ард түмнийхээ өмнө хэрэгжүүлж чадах болов уу.
![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/1/2aac0c1b8aca4ade/2052e0110813eac5big.jpg)