Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Эл хуулийн төслийг бүлгээр хэлэлцээд “Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн байна. Гэхдээ төсөлд заасан зарим заалтуудыг дэмжих бололцоогүй гэжээ. Тухайлбал, тус төсөлд УИХ-ын анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай гишүүн удирдана гэсэн заалт тусаад байгаа юм. Үүнийг дэмжих боломжгүй, учир нь Үндсэн хуулийн цэцэд эл асуудлаар МАН гомдол гаргасан, харин цэц шийдвэрээ гаргасан. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүндэтгэнэ. Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар УИХ-ын гишүүн нь гурав хүртэл байнгын хороонд харьяалагдаж болно. Байнгын хорооны бүрэлдэхүүн дээд тал нь 19 гишүүнтэй байгаа. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөлд Засгийн газрын гишүүн нь харьяалах салбараас өөр нэг л байнгын хороонд харьяалагдана, харин УИХ-ын гишүүн нь хоёр хүртэл байнгын хороонд харьяалагдана гэсэн заалт тусгасныг дэмжих бололцоогүй гэжээ. Үүнээс бусад заалтын хувьд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй аж. Тиймээс эл хууль УИХ-аас батлагдсанаар УИХ дахь МАН-ын гишүүд албан ёсоор бүлэгтэй болох юм.
Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нараас өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл аж. Хэрвээ хуулийн төслийг УИХ дэмжсэн бол сумын Засаг даргыг иргэд сонгодог тогтолцоонд шилжих байсан. Харамсалтай нь, өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд У.Хүрэлсүхээс бусад МАН-ын бүх гишүүд оролцон, хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн кноп дарснаар төсөл унасан. Дахиад хуулийн төсөл санаачлан УИХ-д оруулж ирье гэвч цаг хугацааны хувьд боломжгүй, орон нутгийн сонгууль 15 хоногийн дараа болно. Тиймээс орон нутгийн удирдлагыг иргэд сонгодог тогтолцоонд шилжүүлэх энэхүү процессоо Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд цогцоор нь хэлэлцэн шийдвэрлье гэсэн саналд бүлгийн гишүүд хүрчээ. Энэ ажлыг УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хийх боломжтой гэнэ.
Гурав дахь асуудал нь Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллоор хөөн өвлийн эхэн сарын шинийн нэгэнд жил бүр тэмдэглэж байхаар болжээ. Өнөө жилийн хувьд арваннэгдүгээр сарын 14-нд энэ өдөр тохионо. Жил бүр билгийн тооллоо хөөхөөр цагаан сар шиг өдрүүд нь давхцахгүй байх аж.