Дэд сайд Г.Байгалмаа Төв аймагт ажиллав

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Дэд сайд Г.Байгалмаа Төв аймагт ажиллав

Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа өнгөрсөн амралтын өдрөөр Төв аймгийн Зуунмод суманд ажиллалаа. Тэрбээр Төв аймаг дахь гялгар уут дахин боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэгийн үйл ажиллагаатай танилцсан байна. Төв аймгийн Зуунмод хотод байрлах тус цэгийн тоног төхөөрөмж шинэчлэгдэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа ч улам өргөн хүрээнд өргөжин ажиллах шаардлагатай байгааг холбогдох удирдлагууд нь дэд сайдад дурдсан юм. Энэ үеэр БХБ-ын дэд сайд Г.Байгалмаа “Хог дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэгүүд бусад аймгуудад дутагдалтай байгаа. Урьд нь Өмнөговь аймагт ийм төрлийн цэг ажиллаж байсан ч түүхий эдийн хангамж муугаас үйл ажиллагаагаа зогсоож байсан гашуун туршлага бий. Нийслэлээс 30 километрийн зайд үйл ажиллагаагаа явуулж байгаа гялгар уут дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх энэ цэгт түүхий эдийн хомсдол үүснэ гэсэн асуудал гарахгүй. Үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн явуулах бүрэн боломж байна. Улаанбаатар хотын хэмжээнд хог хаягдлын асуудал гамшгийн хэмжээнд хүрч зайлшгүй анхаарлаа хандуулах болоод байгаа. Тийм ч учраас хогийг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх энэ төрлийн цэгүүдийг өргөнөөр байгуулах саналыг дэмжин ажиллана” гэдгийг онцолжээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж